Малайзын хүн амын 90 хувь нь вакцинд хамрагджээ
2021-10-11

Малайзын насанд хүрсэн хүн амын 90 гаруй хувь нь буюу 21,31 сая хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан гэнэ. Энэ талаар COVID-19 халдвараас сэргийлэх вакцин нийлүүлэх Малайзын Засгийн газрын тусгай хороо мэдээлснийг РИА Новости дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 90 гаруй хувь нь хоёр тунд хамрагдсаны дээр насанд хүрсэн хүн амынх нь 94,8 хувь нь вакцины эхний тунг тариулсан байна. Ингэснээр Малайз улс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн гол зорилгуудынхаа нэгд хүрчээ. Тус улсын эрх баригчид дархлаажуулалт 90 хувьд хүрсэн тохиолдолд коронавирусийн халдварыг хянах хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шат дараатайгаар сулруулна гэж мэдэгдэж байсан юм. 

 

Ингэснээр, 10 дугаар сарын 11-ний өдрөөс Малайзын вакцинд хамрагдсан оршин суугчид муж хооронд болон гадаад улс руу тусгай зөвшөөрөлгүйгээр зорчих боломжтой болох гэнэ. Гэхдээ энэ улс руу нэвтэрсэн гадаад жуулчид тусгаарлалтад хамрагдах журам хэвээр үйлчлэх аж.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Малайзд цар тахал дэгдсэнээс хойш 2,3 сая хүн коронавирусийн халдвар авсанаас 27 мянга гаруй хүн өвчний хүндрэлийн улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин