БНХАУ эрчим хүчний хямралын хор уршигтай нүүр тулав
2021-10-12

Хятад улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, олон муж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орон, улмаар эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амссан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

Нүүрсний хомстлоос үүдэлтэй Хятадын эрчим хүчний хямрал

 

Хятадын энэхүү эрчим хүчний хямрал нь аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг дагууллаа. Металл үйлдвэрлэл багассан тул цахилгаан эрчим хүчний үнэ өссөн гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. Ингэснээр урд хөрш эрчим хүчний хямралын хор уршигтай нүүр тулсан байна. 

 

Mysteel компанийн хийсэн судалгаагаар, Хятадад цахилгаан эрчим хүч хомстсоны улмаас есдүгээр сард зэс, хөнгөн цагаан, цайрын үйлдвэрлэлийн хэмжээ багасч, улмаар металлын үнэ өссөн байна. Цахилгаан станцын түлш хомтсон энэ үед БНХАУ-ын эрх баригчид цахилгаан эрчим хүчний үнийг 20 хувиар нэмэхээр зэхэж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн лимитийг хоёр дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Металл үйлдвэрлэгчид зэрэг эрчим хүч ихээр зарцуулдаг салбаруудад цахилгаан эрчим хүчний үнийг хязгаарлахгүй гэнэ. 

 

Shanghai East Asia Futures компанийн шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас төмөрлөгийн үйлдвэрүүд дундаас никель болон цайр үйлдвэрлэлийн компаниуд илүүтэй эрсдэлтэй нүүр тулах аж. Энэ хоёр металл нь ган үйлдвэрлэлд ашиглагддаг юм. Энэ оны эхээр цахилгаан эрчим хүчийг нормтой болгосны дараа ихээхэн алдагдал хүлээж байсан хөнгөн цагааны үйлдвэрлэл энэ удаад цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд төдийлөн сөхрөхгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь олон салбарт ашиглагддаг хөнгөн металлын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед хөнгөн цагаан үйлдвэрлэгчид тогтвортой орлого олж байгаа гэж шинжээчид онцолжээ. 

 

Нүүрс хомстлоос үүдэлтэй эрчим хүчний хямрал 

 

Хятадад эрчим хүчний хямрал өнгөрсөн онд л эхэлж байлаа. Олон газарт цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж, норм тогтоож байсан юм. Энэ нь Хятад, Австралийн худалдааны дайнаас үүдэлтэй, Хятадын нүүрсний хэрэглээний ихээхэн хувийг хангадаг Австралид хориг тавьсны улмаас нүүрс тасалдсан нь өнөөгийн хямралын гол шалтгаан гэж шинжээчид үздэг. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал, Хятадын экспорт өссөн, тус улс нүүрс төрөгчийн хаягдлыг бууруулах гэсэн зорилт тавьсан нь ч энэхүү хямралд нөлөөлсөн юм.

 

2021 оны наймдугаар сард Хятадын гол цахилгаан станцуудын нүүрсний нөөц сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн доод төвшинд хүрсэн байна. Улмаар үүссэн бэрхшээлийг даван туулах үүднээс Хятадын эрх баригчид нүүрс олборлогч компаниудыг үйлдвэрлэлээ нэн даруй нэмэгдүүлэхийг тушаасан юм. 

Тодруулбал, БНХАУ-ын нүүрс олборлогч томоохон бүс нутгуудын нэг болох Өвөр Монголын Эрчим хүчний яамны ажилтнууд орон нутгийн нүүрс олборлогч 72 компанид хүчин чадлаа 100 сая тонноор нэмэгдүүлэхийг үүрэг болгосон талаар 10 дугаар сарын 11-ний өдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. 


Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр нь Хятадын зах зээлд шууд нөлөөлсөн байна. Баасан гарагт Жэнжоугийн зах зээл дээрх эрчим хүчний нүүрсний фьючерс гурван хувиар өсөж байсан ч тун удалгүй 11 хувиар буурчээ. Мөн Хятадын уул уурхайн компаниудын CSI нүүрсний индекс 5,5 хувиар буурсан байна. 

 

Хятадын эрх баригчид нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийг тушаав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхий даяар нүүрсгүй болж. Нүүрсээ зарж хэрэггүй өөрсдийн ирээдүйд үлдээ
2021-10-12