Автобусан дахь ХҮЧИРХИЙЛЭЛ
2021-10-12

 

Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан. Энэ өдрийг дэлхийн 193 орон “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэж байна.

 

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ноос 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоогоор буюу 330 бөжин туулайгаар төлөөлүүлэн “БҮҮВЭЙ-БҮҮ-АЙГ” бөжингийн суултыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Эл суултад очоод ажил руугаа эргэж алхахдаа оюутан ахуй цагт тохиолдсон хар бараан дурсамжаа хуваалцмаар санагдав. Эрт орой хэзээ нэгэн цагт ил далд олон хэлбэрээр охид, бүсгүйчүүд хүчирхийлэлд өртдөг. Энэ зөвхөн надад нэг удаа тохиолдоод өнгөрсөн жишээ биш.  Миний үеийн олон охид, бүсгүйчүүдэд тохиолдсон байх.

 

Би их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байлаа. Би сургуулиасаа 10 гаруй автобусны буудлын зайтай хол амьдардаг байсан юм. Автобусаар хоёр дамжина. Өглөө эхний цагтаа амжиж очихын тулд гэрээсээ эрт гарна. Эхний автобусанд амжиж суух ёстой. Нэг өглөө заншил ёсоор эхний автобусанд суулаа. Хүн ихтэй. Суудлын бариул олж авбал аз. Ингээд хоёр буудал явав. Хүн ихтэй байсан учир шахцалдаж байсан. Өөрөөр хэлбэл, нэг нэгнийхээ биед хүрэхээс өөр аргагүй. Харин удалгүй араас нэг хүн хэт их шахаж, чихэн дээр амьсгаадаж, миний биед хамаагүй хүрч эхлэв. Эхэндээ “ямар их шахаж байна аа, хүн ихтэй автобус ийм тэнэг шдээ. Сургуультайгаа ойрхон байх байсан юм” зэрэг зүйлс бодож явсан. Гэтэл улам л шахаад байв. Тэвчилгүй эргээд харав. Дунд эргэм насны залуу харагдана. “Яасан их шахдаг юм бэ” гэж хэлэхэд тэрбээр, “хүн их байхад шахахгүй яах юм” гэж хариулав. Үнэндээ далимдуулж, өөрийн дур хүслээ хангаж явааг нь түүн рүү эргэж харахдаа ойлгосон юм. Ингээд дараагийн автобусны буудал дээр буув. Маш их айсан. Ээж рүүгээ залгаад л уйлж эхэлсэн. Тэр өдрийн хичээлийг таслаад гэр лүүгээ эргээд л алхчихсан.

 

Жилийн дараа дахиад л автобусанд суухдаа дээр дурдсан явдал надад биш өөр нэгэн өсвөр насны охинд тохиолдож байхыг харсан. Түүний араас хэрхэн шунан харж, гаж хүслээ бодож байгааг нь харсан. Гэхдээ би түүнд “Чи хол зогсооч” гэж хэлж чадаагүй ээ. Дахиад л айчихсан. Энэ зөвхөн миний жишээгээр дуусахгүй өөр олон охид, бүсгүйчүүдэд тохиолддог. Тэд зарлаж, тэмцэж, гомдол гаргадаггүй учир одоо ч автобусанд далд хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа. 

 

Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид,

 

  • 2017 онд 138

  • 2019 онд 309

  • 2020 онд 350

  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна.

 

2017-2021 онд бүртгэгдсэн 1361 ХҮЧИН-ийн гэмт хэргийн 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.

1361 бүртгэгдсэн хэргийн 47 эрэгтэй хүүхэд хохирогч, 1232 нь эмэгтэй хүүхэд хохирогч байна.

Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч 0-7 хүртэлх насны 96, 8-13 насны 431, 14-17 насны 843 хохирогч байна.

1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг эх, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байна.

2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна.

 

 

Бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд олон охид, бүсгүйчүүдийг өртүүлэхгүйн тулд ганцхан "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" дуугараад өнгөрөх бус өдөр бүр тэмцэж, энэ төрлийн далд хүчирхийллийг таслан зогсоохыг уриалмаар байна. 

 

О.Сарнай 

Shuud.mn
Сонин хачин
Бүх хүн тийм биш. Тйимүүд нь баар хэсээд биеэ үнэлээд явдаг
2021-10-12
Сарнай гэнэээ. Чимбааа хөгжимчиний эхнэр бн ш дээ ? Яанаааа
2021-10-12
Автобусны жолооч нарыг сургалтад хамруулж, ийм асуудал гарсан үед хаалгаа онгойлголгүй цагдаа дууддаг болгох хэрэгтэй. Харсан хүн дуугай өнгөрдөггүй байх, охин шигээ хүүхдэд тусалдаг байх ёстой.
2021-10-12
Зочин:
Одоо үеийн эмсүүдийн багагүй хувь нь завхай зайдан хормой султай мөнгөтэй хүнтэй явалдах дуртай гэх мэт.
2021-10-12
Бүх хүн тийм биш. Тйимүүд нь баар хэсээд биеэ үнэлээд явдаг