Хойд Солонгосын дүрвэгч: Тэнд алан хядлага, хар тамхи, зэвсгээр л амьдардаг
2021-10-13

Хойд Солонгосоос дүрвэсэн цөөнгүй хүн олон улсын хэвлэлийн агентлагуудад ярилцлага өгч байв. Энэ удаад дүрвэгчдийн дундаас хамгийн өндөр албан тушаал эрхэлж байсан Ким Кук Сон хурандаа ВВС агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр 30 жилийн туршид Хойд Солонгосын тагнуул хийж, амьдралаа бүхэлд нь нууцалсаар ирсэн гэнэ.

 

Ким Кук Соны өгүүлснээр, Хойд Солонгосын дээд удирдлагууд байнга л мөнгөөр гачигдаж байдаг тул хар тамхинаас эхлээд Ойрх Дорнод, Африк руу зэвсэг зарах хүртэл бүхий л аргаар мөнгө олдог аж.

 

"Алуурчдын баг "

Хурандаа Ким Кук Сон алба хаших сүүлийн жилүүддээ Ким Жон Ун улсын удирдагч болох явцын хамгийн эхний шатуудыг дотроос нь ажиглаж байсан гэнэ. Түүний өгүүлснээр, Ким Жон Ун үргэлж өөрийгөө "дайчин" гэж харуулахыг хичээж байсан аж. 

 

2009 онд Ким Чен Ир зүрхний шигдээс болж, Ким Жон Уныг залгамжлагчаар нь тодруулсны дараахан Тагнуулын ерөнхий товчоо гэх шинэ тусгай алба байгуулжээ. Энэ албаны даргаар эрх баригч гэр бүлийн хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг хэвээр үлдсэн Ким Ён Чолийг томилсон байна.

 

2009 оны тавдугаар сард Засгийн газрын түшмэл, Өмнөд рүү зугтсан Хван Жан Ёпийг нууцаар хөнөөх устгагчдын бүлгийг байгуулах тушаал дээрээс ирсэн гэнэ. Хурандаагийн өгүүлснээр, залгамжлагч Ким Жон Ун үүгээрээ өөрийнхөө шийдэмгий байдлыг харуулж, өвчинтэй эцэгтээ бэлэг барихыг хүссэн аж. 

 

Нэгэнтээ БНАСАУ-ын бүхий л бодлогыг босгож байсан Хван Жан Ёп 1997 онд зугтсан бөгөөд харин үүнийг нь Кимийн гэр бүл уучилсангүй. Тэрбээр Сөүлд амьдарч байхдаа Хойд Солонгосын дэглэмийг эрс шүүмжилдэг байв. Түүний амь насанд халдах гэсэн оролдлого бүтэлгүйтжээ. Харин энэ хэргийг гүйцэтгэх тушаал авсан Хойд Солонгосын хоёр хошууч одоо хүртэл Өмнөд Солонгосын шоронд хоригдож байгаа аж. 

 

Тухайн үед Хойд Солонгос энэ хэрэгт огт хамааралгүй хэмээн мэдэгдэж, Өмнөд Солонгосыг өдөөн хатгасан хэмээн буруутгаж байв. Харин ВВС-д өгсөн ярилцлагадаа хурандаа Ким Кукс Сон түүний дарга нар нь энэ хүний амь насанд халдах оролдлогын ард зогсож байсныг батлан ярьжээ. 

 

"Алан хядах ажиллагаа Хойд Солонгосын бодлого, Ким Чен Ир болон Ким Жон Уны нэр төрийг хамгаалах зэвсэг байсаар ирсэн, цаашид ч байна" хэмээн хурандаа өгүүлжээ.

 

Цаашлаад, 2010 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний  "Чхонан" хөлөг онгоц Шар тэнгист халдлагад өртөж, 46 далайчин амиа алдсан юм. Хойд Солонгос энэ хэрэгт огт хамааралгүй гэж мэдэгдэж байлаа. Мөн оны 11 дүгээр сарын 23-нд Өмнөд Солонгосын Ёнпёндо арал руу артиллерээр галлаж, хоёр тэнгисийн явган цэрэг, хоёр иргэн амиа алдан, 16 цэрэг, гурван энгийн иргэн шархадсан юм. Энэ тохиолдолд БНАСАУ үүнд оролцсон нь бултах аргагүй үнэн байсан ч чухамхүү энэ үйлдлийг хэн тушаасан талаарх маргаан өнөө хүртэл үргэлжилсээр л байна. 

 

Ким Кук Соны өгүүлснээр, тэрбээр энэ ажлыг биечлэн гүйцэтгээгүй ч Ерөнхий товчооны ажилтнууд энэ хэргээрээ бахархаж, гайхуулж байсан гэнэ. Ийм төрлийн ажиллагаа дээд төвшний зааваргүйгээр гүйцэтгэгдэх ямар ч боломжгүй гэж тэрбээр өгүүлжээ.

 

"Хойд Солонгост дээд удирдлага биечлэн зөвшөөрөл өгөөгүй нөхцөлд зам ч барих боломжгүй. Тиймээс "Чхонан" живсэн, Ёнпёндо руу буудсан зэрэг ажиллагааг хэн нэгэн ердийн албан тушаалтны шийдвэрээр гүйцэтгэнэ гэж огт байхгүй. Ийм ажиллагаануудыг гагцхүү Ким Жон Уны онцгой тушаалаар төлөвлөж, гүйцэтгэдэг" хэмээн Ким Кук Сон ВВС агентлагт ярьсан байна. 

 

Хар тамхины наймаа 

 

Энэ оны дөрөвдүгээр сард Ким Жон Ун иргэддээ хандан хүнд нөхцөлд бэлтгэхийг уриалж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг 1990-ээд оны дунд үеийн өлсгөлөнтэй зүйрлэж байв. Тухайн үед Ким Кук Сонд хар тамхи наймаалан нууц валютын "хувьсгалын сан" байгуулахыг үүрэг болгсоон гэнэ.

 

"Хойд Солонгост хүнд үед хар тамхины үйлдвэрлэл оргилдоо хүрсэн. Үүрэг даалгавар аваад би гадаадын гурван мэргэжилтнийг эх орондоо авчирж, тэдний тусламжтайгаар сургалтын хуарангийн нутаг дэвсгэр дээр  "холбоо харилцааны 715 дугаар офис" хэмээх код бүхий нэртэй метамфетмамин бэотгэх лаборатори байгуулсан юм. Олсон доллар бүрийг Ким Жон Унд бэлэг болгон барьж байлаа" хэмээн Ким Кук Сон өгүүлжээ.

 

Ким Кук Сон эх орондоо байхдаа давуу эрхтэй элитүүдийн бүлэгт багтаж, "мерседес" унаж, ямар ч хязгаарлалтгүйгээр хилийн чанадыг зорин, үнэт металл, нүүрс зарж, бэлэн мөнгө чемоданд хийн авчирдаг байсан гэнэ. Түүний өгүүлснээр, тэрбээр танил тал сайтай хүнтэй гэрлэж дээд хүрээлэл дэх холбоо харилцаатай болсноор нэг тусгай албанаас нөгөө рүү дэвших боломж олддог байжээ. Гэвч энэхүү холбоо харилцаа нь нэг л өдөр аюултай болсон гэнэ. 

 

2011 онд Ким Жон Ун эрх мэдэлд гарсныхаа дараахан аюултай гэж үзсэн хүн бүрээс салахаар шийдсэн бөгөөд Ким Чен Ирийн амьдралын сүүлийн жилүүдэд улс орныг бараг л удирдаж байсан гэх, авга ах Чан Сон Тхэкийг ч дайсныхаа тоонд оруулж байлаа. Ингээд гэнэт л авга ахыгаа цаазлахаас болсон талаарх мэдээлэл гарч, олныг цочирдуулж байв.

 

"Энэ бол үхлийн цохилт байлаа. Би ихэд айсан. Надад ч аюул тулгарна, Хойд Солонгос амьдрах боломжгүй газар болсон гэдэг нь тодорхой болсон юм" хэмээн Ким Кук Сон ярьжээ.

 

Тэрбээр Ким Жон Ун авга ахыгаа буудан хороосон талаарх мэдээллийг хилийн чанадад ээлжит даалгавраа гүйцэтгэж байх үедээ сониноос олж мэджээ. Ингээд гэр бүлийнхээ хамтаар Өмнөд Солонгос руу зугтах төлөвлөгөө гаргаж эхэлсэн гэнэ.

 

"Өвөг дээдэс минь ясаа тавьсан нутгаа орхиж, үргэлж л харийн байх Өмнөд Солонгост суурьшина гэдэг миний хувьд ихээхэн гуниг, дарамт байсан" хэмээн тэрбээр ярьжээ.

 

Өмнөд Солонгост Хойд Солонгосын 30 гаруй мянган дүрвэгч амьдардаг ч тэднээс тун цөөн нь хэвлэлийнхэнтэй харилцахыг зөвшөөрдөг аж. Дүрвэгчид өмнө нь эх нутагтаа хэр өндөр албан тушаал хашиж байсны хэрээр тэдэнд учрах эрсдэл, аюул их.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
amid mend zugtsan n yamaadaa
2021-10-13
тархи угааль байна
2021-10-13