Удаан ковид гэж юу вэ?
2021-10-13

 

Хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусийн халдвартай нүүр тулан тэмцээд хоёр жилийн хугацааг өнгөрүүллээ. Энэ өвчнийг ердийн нэг ханиад томуу мэт үзэн, үл ойшоох хүн дэлхий даяар олон байгаа бол олон улсын эмч мэргэжилтнүүд коронавирусийн халдвар хүндрэх, нас барахаас гагцхүү вакцин хамгаална, мөн халдвар авсан нөхцөлд эдгэрсний дараах хүндрэлүүд зарим тохиолдолд таамаглах аргагүй, хүний биед олон таагүй өөрчлөлтийг авчирж байгаа талаар сануулсаар ирсэн юм. 

 

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст төрөл бүрийн шинж тэмдгүүд багагүй хугацаанд илэрч, үүнийг "удаан ковид" гэж эмч нар нэрлэх болсон. "Ковидын дараах эмгэг", "удаан ковид" гэж нэрлэж буй "ковидын дараах байдал"-ыг хэрхэн тодорхойлох талаар ДЭМБ өнгөрсөн долоо хоногт анх удаа албан ёсоор тайлбар, жагсаалт гаргасан юм. ДЭМБ ковидын дараах байдал гэж юу болохыг тодруулахын тулд өвчтөн, эмч, эрдэмтэн, ДЭМБ-ын шинжээч болон хөндлөнгийн шинжээчдийг оролцуулан судалгаа хийсний үндсэн дээр "удаан ковид"-ын шинж тэмдгүүдийг нэрлэсэн байна. 

 

Энэ судалгаанд 29-92 насны 460 хүн оролцсон бөгөөд үндсэн бүлгийнх нь 50-60-аас дээш насныхан байсан аж. Судалгааны дүнгээр эмч, мэргэжилтнүүд удаан ковидын гол шинж тэмдгүүд, үргэлжлэх хугацааг тодорхойлжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү шинж тэмдгүүд нь батлагдсан оноштой эсвэл өвчилсөн байх магадлалтай (лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй) хүмүүст илэрдэг гэнэ. Удаан ковидын шинж тэмдэг ихэвчлэн ковид туссанаас хойш гурван сарын дараа илэрч, хоёр сар гаруй хугацаанд үргэлжилдэг аж. Ихэвчлэн эдгээр шинж тэмдгүүд нь өөр өвчинтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл ковид туссан гэдгээс өөр шалтгаан байдаггүй гэнэ.

 

Ковидын дараах биеийн байдлын ерөнхий шинж тэмдгүүд

 

- ядрах

- амьсгаадах 

- сэтгэн бодох чадвар алдагдах (анхаарал төвлөрөх, санах, сэтгэхэд хүндрэл тулгараха)

 

Эдгээрээс гадна хүний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг бусад шинж тэмдгүүдийг ч ДЭМБ мэдээлсэн байна. Ийм шинж тэмдгүүд нь аажимдаа өөрчлөгдөж, дахин илэрж ч болзошгүй гэнэ.

 

Ковидын дараах биеийн байдалд илрэх бусад шинж тэмдгүүд

 

- гэдэс хэсгээр өвдөх

- сарын тэмдэг ирэх үеэр өвдөх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах 

- амт, үнэр мэдрэх нь өөрчлөгдөх 

- түгшүүр төрөх 

- нүд бүрэлзэх 

- цээжээр өвдөх 

- ханиалгах 

- депресс,

- толгой өвдөх 

- халуурах 

- гэдэс ходоод хямрах (гүйлгэх, өтгөн хатах ),

- толгой өвдөх 

- булчин өвдөх 

- мэдрэлийн өвчин 

- харшилтай болох 

- бие хорсох мэдрэмж төрөх 

- биеийн ачаалал тэсвэрлэхгүй байх 

- нойр муудах 

- зүрх дэлсэх 

- чих шуугих болон сонсголтой холбоотой бусад эмгэгүүд

 

ДЭМБ-ын онцолж байгаагаар өвчтөнүүдийн ихэнх нь ковид туссаны дараа энгийн амьдралдаа эргэн ордог ч ковидын дараах байдалд ордог хүмүүс ч цөөнгүй гэнэ. Судалгаагаар, ковидын хүнд үеийг туулсан хүмүүсийн 10-20 хувьд нь ийм шинж тэмдгүүд илэрч, олон долоо хоног, сараар үргэлжилдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин