Ухань хотод 2019 онд авсан цусны дээжүүдийг дахин судална
2021-10-13 12:10

SARS-CoV-2 коронавирус тархаж эхэлсэн гэж таамаглаж буй 2019 оны 10-12 дугаар саруудад Уханийн оршин суугчдаас авсан цусны дээжүүдийг Хятадын мэргэжилтнүүд судлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улс хорооны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, донор болон донорын цус хүлээн авагчдын зүгээс шүүхийн нэхэмжлэл гаргахад л ашиглах зорилгоор хадгалагдаж байсан, өмнө нь огт судлагдаагүй олон мянган дээж байгаа гэнэ. Эдгээр цусны дээжүүдэд эсрэг биет агуулагдаж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд эсрэг биет илэрвэл тухайн хүмүүс цусны дээж өгөх үедээ халдвар туссан эсвэл коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн байсан гэдгийг батлах аж.

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Уханьд үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаар анх албан ёсоор мэдээлж байлаа. Улмаар энэ нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин болох нь тогтоогдож байв. Анхлаад Ухань хотын зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүний зах дээрээс дэгдсэн гэгдэх энэ өвчний анхдагч шалтгааныг тодруулахаар ДЭМБ Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран судалгаа хийсэн ч вирусийн гарал үүслийн талаарх эцэслэсэн дүгнэлт гаргаж чадаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин