ШУУД: Төмөр замын бүтээн байгуулалт ирэх оны долдугаар сард дуусна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр цахим уулзалт хийсэн. Уулзалтын үеэр улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцож Монгол БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр нотлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирус цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биенийгээ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж ирлээ.
Ерөнхий сайд нар хоёр улсын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гарах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой олон төслүүдийн талаар санал солилцлоо. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг нэн яаралтай татан авах талаар харилцан тохиролцож, ойрын хугацаанд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар боллоо. Түүнчлэн Тяньжин боомтоос саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. Ингээд сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Хилийн сольбицлын цэг олон жил яригдсан бөгөөд шийдсэн. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны долдугаар сард бүрэн дуусна." гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ