Тэтчер: Би ялагдал гэдэг үг мэдэхгүй
2021-10-14 08:15

 

Бүх цаг үеийн хамгийн хүчтэй улс төрч эмэгтэй нэгд зүй ёсоор багтдаг Маргарет Тэтчер 10 дугаар сарын 13-ны өдөр мэндэлжээ. Түүний намтарын сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн бэлтгэснийг уншигч танд хүргэж байна.


Хүүхэд нас

 

      

Маргарет Тэтчер 1925 оны аравдугаар сарын 13-нд Грэнтемд төржээ. Түүний эцэг Альфред Робертс хундага шилэн эдлэл зардаг лангуу  ажиллуулахын зэрэгцээ орон нутгийн улс төр, шашны бүлгэмүүдийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, нутгийн зөвлөлийн гишүүн, мөн хэсэг хугацаанд Грэнтемийн хотын даргын албыг ч хашиж явсан гэдэг.


Маргарет болон түүний дүү Мьюриэл нар хатуу дэг жаягийн дор өсчээ. Маргарет сургуульд суралцахын зэрэгцээ олон тооны гүнзгийрүүлсэн хичээлд давхагр шамдан суралцах ёстой байв.


Хими ба амьдрал


Анхандаа Маргарет Тэтчер химичийн боловсрол эзэмшжээ. Тэрбээр Оксфордын их сургуульд дөрвөн жилийн турш хими судлаж, байгалийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Дараа нь Маргарет химич-судлаачаар ажиллан, зайрмагны үйлдвэрийн эмульсификатор боловсруулдаг байв.


Улс төрийн карьер

 

Оюутан байхдаа л Маргарет Оксфордын их сургуулийн Консерватив намын холбооны даргаар ажилладаг байв. 1950 оноос эхлэн тэрбээр парламентын гишүүн болохын төлөө тэмцэж, 1959 онд Нэгдлийн танхимын гишүүн болж байлаа.


Улмаар түүнийг тэтгэвэр, улсын нийгмийн даатгалын орлогч сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байсан бол дараа нь барилга, газрын өмчлөлийн асуудал эрхэлж байв. Маргарет цаазын ялыг хэвээр хадгалахыг дэмжиж байсны зэрэгцээ ижил хүйстнүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийн төлөө санал өгч байсан гэдэг.


        1960-аад онд Олон улсын айлчлалын хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын улс төрчидтэй уулзан, улмаар албан ёсны сөрөг хүчний сүүдрийн танхимын гишүүн болов.

1970 онд консерваторууд засгийн эрхэнд гарсны дараа Маргарет Тэтчер Соён гэгээрэл, шинжлэх ухааны сайдаар томилогдож, 1974 он хүртэл энэ албан тушаалыг хашжээ.  Консерваторууд ялагдсны дараа Тэтчер сөрөг хүчний тэргүүн болсон юм.


Ерөнхий сайд болсон анхны эмэгтэй

 

 


1979 онд Маргарет Тэтчер  Их Британийн Ерөнхий сайд болов. Ингэснээр тэрбээр тус улсын анхны, мөн одоог хүртэл цорын ганц  гэж тооцогдох эмэгтэй ерөнхий сайд болсон юм. Тэтчер энэ албыг гурвантаа улиран хашснаараа мөн л 1827 оноос хойших бүхий л ерөнхий сайд нарын дундаас хамгийн удаан хугацаанд засгийг  тэргүүлсэн сайд болсон юм.  Мөн тэрбээр Европын хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд.


Чухамхүү, 1979-1990 оны хооронд Маргарет Тэтчерийг засгийн эрхэнд байх үед Их Британийн улс төрийн бодлоготой холбоотой чухал асуудлууд шийдвэрлэгдсэн гэдэг.


“Төмөр хатагтай”


 Консерватив бодлого, хатуу, нугарашгүй зангаараа Тэтчер “төмөр хатагтай ” гэх хоч авсан юм. Анх Зөвлөлтийн цэргийн сэтгүүлч Юрий Гаврилов “Улаан од” сонины 1979 оны  нэгдүгээр сарын 24-ний дугаарт  хэвлэгдсэн нийтлэлдээ Тэтчерийг  ЗХУ-ыг хатуу шүүмжилснийх нь хариуд “Төмөр хатагтай”  гэж нэрлэсэн байна.


Тэтчерийн бодлого


 Ерөнхий сайд байхдаа Тэтчер төрөл бүрийн салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийсэн юм. Тэрбээр Британийн уналтын шалтгаан гэж үзсэн бүхнийг өөрчлөхийг хичээж байлаа.


Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, үйлдвэрчний эвлэлүүдийн нөлөөллийг багасгах, нийгмийн салбарын зардлыг бууруулахын төлөө тэрбээр ажилладаг байжээ. Түүнчлэн хувьчлал явуулж, олон улсын үйлдвэрийг худалдаж, татварыг нэмэгдүүлэв. Энэ нь олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг уналтанд оруулсан ч бараа биш үйлчилгээ үйлдвэрлэх шатанд шилжихийн эхлэл болов.


Мөн Тэтчерийн явуулж байсан эдийн засгийн бодлого нь ажилгүйдэл өсөх шалтгаан болсон гэдэг.


Консерваторуудын намын дунд хагарал гарсны улмаас огцорсон Маргарет Тэтчер дахин хоёр жил Нэгдлийн танхимын гишүүнээр ажиллажээ.


Халдлага


1984 онд Ирландын бүгд найрамдах улсын арми Маргарет Тэтчерийн амь насанд халдахыг завдсан оролдлогыг таслан зогсоожээ. Брайтон дахь зочид буудалд Консвератив намын бага хурлын үеэр  хэт даврагчид бөмбөг байршуулсан байв. Үүний улмаас таван хүн амиа алдсан ч Тэтчер гэмтэж бэртээгүй байна.


Хувийн амьдрал

 

Маргарет нөхөр Дэнис Тэтчертэйгээ 1949 онд танилцжээ. Тэд 1951 онд гэрлэж, 1953 онд Кэрол болон Марк гэсэн ихэр хүүхдүүдтэй болсон байна. Дэнис Маргаретаас 10 насаар ах, мөн хоёр дахиа гэрлэсэн нь энэ байж.  Тэд хамтдаа олон жил амьдарсан бөгөөд Маргарет өөрийн намтар номондоо “хань нь байхгүй байсан бол хэзээ ч ерөнхий сайд болохгүй байлаа” гэж бичсэн байдаг. Дэнис Тэтчер 2003 онд нас барж, түүнээс 10 жилийн дараа Маргарт таалал төгссөн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин