П.Нямдаваа: Газар авахаас эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах 24 үйлчилгээ цахимжсан
2021-10-14 08:34

Газрын үйлчилгээ цахимжлаа. egazar.gov.mn сайтаас гадна гар утасны апплейкшн ашиглан хүссэн газраасаа газрын үйлчилгээ авах боломж нээгдээд байна. Тухайн жилд өмчлүүлж, эзэмшүүлэх газрын төлөвлөгөөнөөс эхлээд газрын гэрчилгээ, кадастрын зураг хэвлэх авах бүх үйлчилгээ таны компьютерт, гар утсанд бий гэсэн үг. Цахим үйлчилгээний талаар Газар зохион байгуулалт, геодизи, зурагзүйн газрын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга П.Нямдаваатай ярилцлаа.

 

 

-Газрын үйлчилгээ цахим системд шилжлээ. Газартай холбоотой үйлчилгээ авах иргэдийн явдал, чирэгдлийг хэрхэн хөнгөвчилж байна вэ? Иргэдэд хүрч буй үр өгөөжийн тухай эхлээд ярилцъя.

 

-Газар авах нь олон шат дамжлагатай, олон оролцогчтой харилцаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлээд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлдэг газрын алба, шийдвэр гаргадаг Засаг дарга гээд олон талын оролцоотой. Шат дамжлага бүрт өргөдөл шийдвэрлэх хугацаатай. Цаг хугацаанаас гадна явдал чирэгдэл ихтэй.

 

Харин egazar.gov.mn цахим систем ажиллаж эхэлснээр:

 

1.Газрыг нэгж талбар бүрээр нь төлөвлөж, нээлттэй болгосон. Иргэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үзэх гэж Газрын албанд очих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл хаана шинээр газар олгохыг энэ цахим системээс харах боломжтой.

 

2.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцсаны дараа тухайн байршилд газар авах хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

 

3.Харин үүний дараагийн процесс болох Засаг даргын захирамж цаасаар гарна.

 

4.Засаг даргын захирамж гарсан тохиолдолд гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, кадастарын зураг авах үйлчилгээ бүрэн цахимжсан.

 

Иргэд шинээр газар өмчлөх, ашиглах, эзэмшихтэй холбоотой үйлчилгээ, мөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах буюу эрхээ шилжүүлэх, хугацаагаа сунгах, барьцаанд тавих зэрэг үйл явц бүрэн цахим хэлбэрт шилжсэн гэсэн үг.

 

-Жишээ татъя, иргэн Болд газартай болохын тулд өмнө нь хэдэн удаа Газрын алба руу явж, ямар хугацааг зарцуулдаг байсан вэ? Тэгвэл одоо газрын үйлчилгээ цахимжсанаар ямар цаг хугацааг хэмнэж байгаа вэ?

 

-Хуулийн дагуу иргэний өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Бидний зорилго бол нэгдүгээрт, газрын албанд ирдэг хөдөлгөөнийг тэглэх, боломжтой бүх үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлнэ. Хоёрдугаарт, өргөдөл шийдвэрлэх хугацааг 1-1.5 дахин бууруулах. Тэгэхээр хуулийн 30 хоногийн хугацаанд багтаадаг байсан үйлчилгээг багадаа 10 бүр цаашлаад ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэдэг болохыг зорьсон. Энэ үйлчилгээ бол цоо шинэ. Цаашид сайжирч, олон байгууллагатай хамтрахаар илүү хурдан болно.

 

УБЕГ-тай хамтран газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд цахимаар бүртгэдэг болсон. Засаг даргын шийдвэр гарч, газар эзэмших эрхийг бүртгүүлэхэд улсын бүртгэлийн байцаагчаас хамаараад дахиад долоо, цаашлаад 30 хоног сунадаг байсан. Одоо энэ үйл ажиллагаа кноп дарах төдийд шийдэгддэг болсон. Нэг байгууллагатай хамтарч, асуудлаа шийдэхэд 10, 20 хоног хэмнэж байна гэсэн үг. Цаашид нотариат, татварын байгууллагатай хамтрахаар хугацаа улам л богиносож, иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү хурдан болно.

 

-Тэгвэл газрын албадын ажлын ачаалал яаж буурч байгаа вэ?

 

-Цахим үйлчилгээ иргэдээс гадна үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж байгаа. Тухайлбал, газрын эрхийг шилжүүлэхэд иргэний хүсэлтийг хүлээн авна, хавсаргасан материалыг нэгбүрчлэн цахим архивт оруулна. Дараа нь улсын бүртгэл рүү илгээх зэргээр механик ажил маш их байсан. Харин одоо иргэн өөрөө эрх шилжүүлэх хүсэлтээ цахимаар илгээдэг болсноор мэргэжилтний ажил шууд хөнгөрсөн. Ачаалал ихтэй дүүрэгт нэг мэргэжилтэн өдөрт 100 гаруй өргөдөл, хүсэлттэй танилцаж, шийдвэрлэдэг. Энэ 100 гаруй материалыг цахимаар хүлээж авахаар асар их хугацаа хэмнэгдэнэ.

 

-Газрын үйлчилгээ хамгийн их хэл ам дагуулдаг, энэ салбарынхан авлига хээл хахуулд байнга хардагддаг. Цахимжсанаар авлигын индекс ч буурах байх?

 

-Авлигын асуудал бол мэдээлэл ил тод биш хаалттай, үйл ажиллагааны зохион байгуулалт, шат дамжлага тодорхойгүй байсантай холбоотой. Харин одоо бид газрын төлөвлөлтөөс эхлээд бүх үйл ажиллагааг нээлттэй болгосон. Мөн шийдвэр гаргагчдын мэдээлэл системд ил харагддаг. Иргэн таны өргөдөл газрын албаны хэн гэдэг мэргэжилтэнд очсон, ямар хугацаа өнгөрсөн нь ил тод гэсэн үг. Хариуцсан мэргэжилтнээс эхлээд цаг хугацаа, шат дараалал бүгд нээлттэй болохоор ашиг сонирхол, авлига нэлээн хумигдана. Авлигын үзүүлэлт огцом буурна гэсэн хүлээлттэй байна.

 

-Цахим систем цаашид илүү төгөлдөржих байх. Ямар үйлчилгээнүүд нэмэгдэх бол?

 

-Шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх буюу газартай болох. Мөн өөрт байгаа газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэр шилжүүлэх, барьцаалах, хугацааг нь сунгах гэсэн хоёр харилцааны бүх үйлчилгээг цахим болгоно. Иргэн үйлчилгээ авахын тулд заавал төрийн байгууллагад өөрийн биеэр очихгүй. Харин байгаа газраасаа төрийн үйлчилгээг шууд авах нөхцөлийг бүрэн бүрдүүлэхийн төлөө ажиллана. Одоогийн байдлаар 24 үйлчилгээг цахимжуулаад байна. Цаашид цахим үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр газрын харилцаа илүү хурдан шуурхай, нээлттэй, нэг стандарттай болно.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин