COVID-19 туссаны дараа дархлаа хэр удаан тогтдогийг эрдэмтэд судалжээ
2021-10-14

Коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах тохиолдол улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд хэр хугацаанд дархлаа тогтдогийг олон орны эрдэмтэд судалсаар байна. 

 

Энэ удаад Швед, Италид хийсэн судалгааны дүнгээр эрдэмтэд дархлаа тогтоцыг тодорхойлжээ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст үүссэн эсрэг биетийн тоо эхний зургаан сарын туршид аажмаар буурч, дараа нь 15 сарын хугацаанд нэг төвшиндөө хадгалагддаг гэнэ. 

 

Эрдэмтэд энэ судалгаандаа хүнд, хөнгөн гээд харилцан адилгүй хэлбэрээр халдварыг туулсан 136 өвчтөний мэдээллийг ашиглажээ. Судалгаанд оролцсон сайн дурынхнаас шинжилгээ авч, эсрэг биетийн хэмжээг тодорхойлсон байна. Судалгаанаас харахад эсрэг биетийн төвшин 88-90 хувьд байсан бол 50 өдрийн туршид энэ хэмжээ нь тал хувиар буурч байжээ. Харин коронавирусийн халдварын хүнд хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүмүүст эсрэг биет удаан тогтож байгаа нь судалгаагаар ажиглагдсан байна.

 

Коронавирусийн төрөл бүрийн штаммыг эсэргүүцэх дархлааг ч мөн эрдэмтэд судалжээ. Эрдэмтдийн өгүүлснээр, өвдөөд эдгэрснээс 15 сарын дараа ч эсрэг биетүүд нь вирусийн мутациудтай тэмцэх чадвартай, гэхдээ энэ хамгаалалт нь хангалттай өндөр төвшинд байж чаддаггүй гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин