Засгийн газар 8.4 тэрбум ам.долларын өртэй байна
2021-10-14

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

 

Гадаад зээл, өр бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Засгийн газар ямар хэмжээний өртэй байна вэ? зээлийн эргэн төлөлт сайнгүй байгаа. Ихэвчлэн зээлийг дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр солих, хойшлуулах арга замаар зохицуулалт хийж байгаа.

 

Жилд 200-300 сая ам.долларын эргэн төлөлт хийж байгаа атлаа Засгийн газар үүнээс илүү их зээл авч байна. Хуримтлагдсан гадаад өр ихээр нэмэгдэж байна. Засгийн газрын өрийн хязгаар хуульд заасан хэмжээнд байна уу, хэтэрсэн үү?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн нэг жилийн хугацаанд 998 сая ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийгдсэн. 3-4 жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлэлцээрийн ерөнхий юм. Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар байгаа. 07 дугаар сард хийгдсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, 2022 онд 65, 2023 онд 60 хувь болон буурах ёстой. Одоо III улирлын байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ 68.1 хувьтай байна. Жилийн эцсийн тооцоогоор 70 хувьтай барина.

 

-2021 онд хэдэн долларын гадаад өр төлсөн вэ? 2022 онд хүлээгдэж байгаа төлбөр тооцоо хэд байна вэ? Үүнийгээ 100 хувь төлж чадах уу?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Хоёр тэрбум долларын өрийн зохицуулалт хийсэн. 2020 онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая ам.долларыг улсын төсвөөс төлж барагдуулсан. Төсөв даах хэмжээгээр жил бүр өрөө барагдуулна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 2021 онд 998 сая ам.долларын зээл авсан гэж байна. Тэгээд 190 сая ам.долларыг төлсөн байна. Бусдыг нь өрийг өрөөр төлсөн эсвэл хойшлуулсан. Хуримтлагдсан гадаад өрийг хэн, хэзээ, ямар аргаар төлөх вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан: 998 сая ам.доллар бол 15-20 жилийн хугацаатай ерөнхий зээл. Зарцуулалт нь энэ жилээс эхэлж байгаа зээлийн хэлэлцээрүүд гэсэн үг.

Бид хуримтлагдсан өрийг нэг, хоёр жилийн дотор барагдуулах боломжгүй.

 


 

Н.Алтанхуяг: Коронавирус мөнгө ярьдаг хэрэгсэл боллоо

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийж байна.

 

 

Тэрбээр танилцуулгадаа "Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар шаардлагатай арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвшөөрсөн, яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан вакциныг худалдан авахаар 21 сая ам.долларын вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай байгуулаад байна. Энэхүү санхүүжилтийн 50 хүртэлх хувиар БНХАУ-ын Вероселл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлнэ" гэдгийг дурдлаа.

 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил юм байна.

 

Зээлийн хэлэлцээрийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

 

-Ямар вакциныг хэр хэмжээгээр худалдан авах шийдвэрийг хэн гаргадаг вэ?

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  Вакцины төлөвлөлтийг ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргаж, Засгийн газраар батлуулдаг. 18-аас дээш насны 2 сая 67 мянган хүнд вакцин хийнэ гэж төлөвлөсөн. Хоёр тун вакцин хийхэд 4 130 мянган тун шаардлагатай. Мөн гурав тунд төлөвлөлт хийсэн. 17-оос доош хүүхдийн вакцин бас хийгдэж байгаа. Манай улсад 17-оос доош насны 1.3 сая хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакциныг татан авсан. Вероселл вакцин 4 сая тун, Файзер 2 500 000 тунг худалдан аваад байна. Нөөцөд 1 700 000 тун файзер, 890 000 тун вероселл вакцин байна.

 

-Эмээ тодорхой болгоод өгчихгүй юм уу. Иргэд бараг таамгаар эм ууж байна. Гэтэл та нар Арбидол гэдэг эм болохоо байлаа гэдэг. Эмийн хэдэн компанийн лоббигоор иргэдийн эрүүл мэндийг хаямааргүй байна. Ковид чинь мөнгө ярьдаг хэрэгсэл боллоо. Ковидоор айлгаад өчнөөн зээл авлаа.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид цар тахал эхэлснээс хойших 9 дэх удаагийн эмчилгээний удирдамжаа гаргаад байна.  Арбидол эмийг өвөрмөц эмчилгээний жагсаалтаас хассан. Харин өргөн хэрэглээнд хэрэглэж байгаа.

 

-Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн хугацаанд 90.7 сая ам.долларын зээл, 21 сая ам.долларын тусламж нийтдээ 111.7 сая ам.долларын эх үүсвэрийг вакцин, вакцины хүйтэн хэлхээ, бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан. Үүнээс

-Вероселл вакцины төлбөрт 56 сая ам.доллар

-Файзер вакцины төлбөрт 16.8 сая ам.долларыг төлж,

-Хүйтэн хэлхээ, бусад тоног төхөөрөмжийг худалдан авахад 16.1 сая ам.долларыг зарцуулсан.

Цаашид вакцин худалдан авахад боломжи эх үүсвэр 22.8 сая ам.доллар үлдэж байна.

Shuud.mn
Сонин хачин
бөб:
Мөнх-Эрдэнийн лайв үнэний хувьтай шөө.
2021-10-14
Хулгайчууд өөрсдөдөө хятад вакцинаа шах
2021-10-14
Одоо Хятад вакцин тариулах хүн ч олдохгүй.
2021-10-14
ЯАГААД ЗААВАЛ ХАМГИЙН ҮР АШИГГҮЙ ХЯТАД ВАКЦИНЫГ АВААД БАЙГАА ЮМ БЭ?
2021-10-14