БНХАУ эрчим хүчний үнийг чөлөөллөө

Хятад улс дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үнийн хязгаарлалтыг чөлөөлсөн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.
Хятадад эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа өнөөгийн нөхцөлд БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо үнийн зохицуулалтыг цуцалсан байна. Ингэснээр эрчим хүчний одоогийн үнэ 20 хүртэлх хувиар нэмэгдэж болзошгүй аж.
Хятадад өнөөг хүртэл цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс хянадаг , харин нүүрсний үнэ нь зах зээлийн журмаар зохицуулагддаг байжээ. Энэхүү зөрүүтэй байдал нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг алдагдалд оруулсан байна.
Энэ нь нүүрс төрөгчийн хаягдлыг бууруулах зорилгоор зориуд авч хэрэгжүүлсэн бодлогын нэг байхыг үгүйсгэхгүй гэж шинжээчид онцолж байгаа юм. Эдийн засгийн салбаруудад үнэ зохиох харилцан адилгүй бодлого хэрэгжүүлэх нь Хятадын эдийн засгийн ялгарах шинж бөгөөд энэ нь нээлттэй зах зээлд шилжих үе шаттай хөтөлбөрийн үр дүн юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ