Э.Төмөрчөдөр: Жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна
2021-10-14

 

 

Жил бүрийн аравдугаар сарыг дэлхий нийтээр хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд аравдугаар сарын 13-ны өдрийг Хөхний даруулгагүй өдөр болгосон. Энэ өдрийг тохиолдуулан Хавдар судлалын Хөхний төвийн мэс заслын их эмч Э.Төмөрчөдөртэй ярилцлаа.

 

Энэ сар хөхний хорт хавдартай тэмцэх, таниулах сар. Тэгвэл хөхний хорт хавдар гэж чухам юуг хэлэх вэ?

 

-Хөхний хорт хавдрыг тайлбарлахаас өмнө “Хорт хавдар” гэдэг ойлголтыг тайлбарлах нь зүйтэй байх. “Хортой хавдар” гэдэг нь хүний эрүүл эс гажигшил үүсэж улмаар хяналтгүй томрохыг хэлнэ. Маш олон төрлийн хорт хавдар бий. Харин хөхний хорт хавдар гэдэг нь аль нэг хөхний уутанцар эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдарын эсээс үүсдэг. Дэлхий дахинд хөхний хорт хавдрын олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Учир нь хөхний хорт хавдарт хүйс байхгүй. Дан ганц эмэгтэй хүнд тохиолддог өвчин гэж ойлгож болохгүй.Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Харин эрэгтэйчүүдийн 0.5-1.0 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг.

 

Хөхний хорт хавдар үүсэх шалтгаан нь юу вэ?

 

-Хэд хэдэн зүйлс нөлөөлдөг. Үүнд,

 

 

Нэгдүгээрт, Таргалалт. Анагаахын шинжлэх ухаанаар илүүдэл жин буюу таргалалт нь хавдар үүсгэдэг үндсэн шалтгаан гэдэг нь батлагдсан. Дэлхий дахинд таргалалт өргөн хүрээтэй байна. Эмэгтэйчүүд жин нэмэхээрээ алиман хэлбэрийн таргалалт буюу хэвлий, аарцаг хэсгээрээ  таргалдаг үүнтэй хамт хөх мөн томордог . Хөхний 80 орчим хувийг өөхлөг эд эзэлдэг. Ингээд зөв харьцаа, хэмжээ нь алдагдахаар хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн таргалалт нь эстроген дааврын илүүдэлтэй байна гэсэн үг. Тиймээс таргалалтаас зайлсхийх хэрэгтэй.

 

Хоёрдугаарт, Амьдралын хэв маяг. Архи  хэтрүүлэн хэрэглэдэг хүний элэгний үйл ажиллагаа алдагддаг. Элэгний үйл ажиллагаа алдагдахаар эстроген дааврын илүүдэл үүсдэг. Тамхи татаж, буруу хооллох, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс сонгомолоор хөхний хорт хавдраар өвчилдөг эрсдэл нэмэгддэг.

 

Гуравдугаарт, Удамшил. Хорт хавдар удамшдаг өвчин. Тэр дундаа хөхний хорт хавдар удамшдаг. Жишээлбэл, ээж нь хөхний хорт хавдраар өвчилөхөд хүүхдүүдэд нь хавдарын мутацийг шалгах шаардлагатай байдаг хэрэв авсан байвал удамших хандлагатай тул урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх шаардлагатай. Мөн хөх судлаач эмчийн хяналтанд байх нь нэн чухал байдаг.

 

Дөрөвдүгээрт, Туяа. Соронзон туяаны нөлөөлөлд амьдардаг эмэгтэйчүүд хорт хавдраар өвчлөх эрсдэл их байгаа нь батлагдсан байдаг.Мөн түүнчлэн цээжний хэсэгт ямар нэгэн туяа эмчилгээнд орсон бол бас эрсдэл байгаа гэж үздэг.

 

Тавдугаарт, Биологийн цагийн алдагдал. Шөнийн цагаар ажил хийдэг эмэгтэйчүүд сонгомол хэлбэрээр хөхний хорт хавдраар өвлөх эрсдэлтэй. Учир нь биологийн хэмнэл алдагдах үед даавруудын харьцаа алдагддаг. Үүний үр дүнд хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай. Жишээлбэл, гадны улс орнууд шөнийн цагаар ажилладаг эмэгтэйчүүдэд нэмэлт цалин өгөхөөс гадна, ажиллах эсэхийг нь асуудаг. Харин манай улсад нийгмийн хамгааллын асуудал яригдахгүй байна.

 

  • Зургадугаарт, Хүүхдийг урт хугацаанд хөхөөр хооллох.  Монгол эмэгтэйчүүд хүүхдээ 4-5 нас хүртэл нь хөхүүлдэг буюу хөхөөр хооллодог. Энэ нь буруу зүйл юм.Эхчүүд хүүхдээ хөхүүлээд л байвал сайн гэж ойлгодог. Хүүхдээ удаан хөхүүлэх нь эх өөрөө өвчлөх эрсдэлтэй гэдгийг ойлгодоггүй. Бор хоол буюу махан хоолонд орсон хүүхдийн амны эрүүл ахуйг анхаарах ёстой. Учир юу вэ гэвэл нэгэнт бор хоолонд орсон хүүхдээ хөхөөрөө хооллосноороо эх өөрөө хөхний товчоор дамжин халдвар авдаг үүнээс шалтгаалсан хөхний идээт үрэвсэл их байдаг. Тиймээс урт хугацаанд хүүхдээ хөхүүлэх нь зохимжгүй юм. Тухайлбал, хүүхдийг нэг нас зургаан сар хүртэл нь хөхүүлэх ёстой. Үүнээс цааш хөхөөр хооллох шаардлагагүй. Мөн удаан хугацаанд хөхөөр хооллох нь хүүхдийн шүд нь буруу ургах шалтгаан болдог.

 

  • Мөн бусад шалтгаант: Үүнд даавар эмчилгээ удаан хэрэглэсэн, нөхөн үржихүйн хөгжил хожуу болон цагаасаа эрт явагдсан, хүүхэдгүй болон 35 наснаас дээш хүүхэд гаргасан, хүүхдээ хөхөөрөө хооллоогүй болон цэвэршилт 55 наснаас дээш явагдсан тохиолдолд.

 

Манай оронд хөхний хорт хавдар нь нийт хорт хавдрын хэдэн хувийг эзэлдэг вэ? Жилд дунджаар хэдэн хүн шинээр оношлогдож байна?

 

-Статистик судалгаагаар Хавдар судлалын үндэсний төв нь нийт хөхний хорт хавдрын 82 хувьд нь тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн хувь нь хувийн эмнэлэгт хандаж байгаа гэсэн үг. Манай улсад жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна. Энэ эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ нь иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг соёл тогтож байгаагийн илрэл юм.

 

Нас ахих тусам хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг

 

Насны бүлгээр нь ангилбал?

 

-Хөхний хорт хавдрын эрсдэл хүчин зүйлд нас хамаардаг.  Өөрөөр хэлбэл, нас ахих тусам хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас өгч байгаа зөвлөмжинд 40 наснаас дээших эмэгтэйчүүд хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдаж байх шаардлагатай гэж үзсэн байгаа.  Тэр дундаа 55-аас дээш насныхан хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл илүү. Манай улсын хөхний хорт хавдраар оношлогдож байгаа тохиолдлуудын 70 орчим хувийг 45-50 насны  эмэгтэйчүүд,  14-15 хувийг 35-аас доош насныхан, үлдсэн хувийг нь 55-аас дээш насныхны өвчлөл эзэлж байна. Хавдрыг дөрвөн үе шатанд хуваадаг. Хорт хавдрын 2-3 дугаар үе шат буюу хөгжил сайтай  шат нь нийт тохиолдлын 70 хувийг эзэлж байгаа бол 12-15 хувь нь эрт үед  нь илрүүлж байна.

 

Хөхний хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 

-Тухайн хүний хөх хатгаж өвдөх тийм түгээмэл биш ч тодорхой хувьд нь байдаг, хөхний товч татагдах, зангилаа буюу хатуу зүйл тэмтрэгдэх, хөхнөөс цусархаг өнгөтэй шингэн ялгарах, хөхний хэлбэр өөрчлөгдөх арьсан дээр хонхойлт үүсэх. Бас нэг ховор тохиолдолд хөхний нөсөөт хэсэг болон товчны өнгө өөрчлөгдөх .  Монгол охидын бэлгийн бойжил 10-14 насны хооронд эхлэн 15-17 насанд  дуусдаг. Зарим тохиолдолд энэ нь эрт эсвэл хожуу эхэлдэг тухай бүрт нь хүүхдийн нөхөн үржихүйн эмчид хандах хэрэгтэй байдаг. Бэлгийн бойжлын хугацаандаа  сарын тэмдэг нь тогтворжоогүй, хөхний ургалт нь нүдэнд илэрхий жигд бус байвал яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстой. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Бэрсүү буюу зангилаа.  Зарим эмэгтэйчүүдийн хөхний цорго, хэлтэнцэр хатуу нягт ихтэй байдаг. Хэрэв таны хөх хатуу, нягт ихтэй бол мөн эмзэглэл их байвал эмчид хандахыг зөвлөмөөр байна. Мөн арьсан дээр ямар нэгэн өмнө байгаагүй хонхойлт байгаа эсэхийг сайтар харах хэрэгтэй. Хөхний товч татагдах. Таргалалтаас болж хөхний товч татагддаг. Өөрөөр хэлбэл, таргалалтаас бол арьсан дор өөхний эдийн хэмжээ ихэсдэг. Ингэхэд хөхний цоргоо цааш татдаг. Хөхний товч татагдаж байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандаж  хөхний зураг, эхо хийлгэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд 40 наснаас дээш жил бүр хөхний зураг, эхо хийлгэж байх шаардлагатай.

 

Хөхний хорт хавдрын үед ямар эмчилгээ хийдэг вэ?

 

-Хөхний хорт хавдрын эмчилгээг хэсэг газрын болон системийн эмчилгээ гэж хоёр ангилдаг. Хэсэг газрын эмчилгээнд мэс засал болон туяа эмчилгээ багтдаг. Харин системийн эмчилгээнд хими, даавар, дархлаа болон байн эмчилгээ ордог. Мөн манай төв дархлааны эмчилгээг арваннэгдүгээр сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дархлааны эмчилгээг амжилттай нэвтрүүлбэл хөхний хорт хавдрын дэлхийн стандартын бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг ХСҮТ үзүүлэх боломжтой болж байна гэсэн үг.

 

Хөхний хорт хавдар бүрэн эмчлэгддэг үү?

 

-Хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлж, эмчилбэл бүрэн эдгэдэг. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныхаа дараа таван жилийн хугацаанд хяналтад байдаг. Хэрэв хяналтын хугацаанд хавдар дахихгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг.

 

Эмэгтэйчүүд буруу хөхний даруулга сонгож хэрэглэснээс болж хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

 

-Хөхний хорт хавдраар өвчлөхөд даруулга нөлөөлөхгүй. Хөхний даруулга нь хөхийг хэлбэржүүлэх, хөх унжирч өвдөхөөс сэргийлдэг.

 

Хавдар судлалын Үндэсний төвийн Хөхний төв шинээр байгуулагдаж байгаа юм байна?

 

-Олон улсын жишгээр бүхий л улс оронд Хөхний төв байдаг. Манай улсад мэргэжлийн баг бүрдсэн. Хөхний төв байгуулагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Өмнө нь нэг сарын хүлээгдэлтэй ажилладаг байсан бол өнөөдрийн байдлаар 2-3 хоногийн хүлээгдэлтэй байна. Цаашдаа хүлээгдэлгүй ажиллах зорилготой байгаа. Манай хөхний төвийн үйл ажиллагаа ганцхан хорт хавдрын тусламж үйлчилгээгээр хязгаарлагддаггүй. Хөхний шалтгаан тодорхойгүй өвчлөлд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тиймээс хөхний төвд хандахыг хүсэж байгаа хэн бүхэнд манай төв нээлттэй.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Уламбаяр Оюун:
манайсум УБ аас 1000 км т алсдагдсан суманд Цэнгэл эмч ирж хөхний ЭХО үзлэг хийгээд үзүүлэх шаардлагатай гээд ХСҮТ-д очиж үзүүлээд эмчүүлсэн Цэнгэл эмчдээ Төмөрчөдөр эмчдээ болон хөхний төвийн хамт олон талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсэн ерөөе
2023-12-13
Unen unen:
Havdriin emch bayrlalaagaa l bodno naad hed chin hahahah unen
2021-10-31
Emch bolon hamt olond ni amjilt husie
2021-10-15
Badnaanyambuu:
Amijalt husey emch dee
2021-10-15
Зочин:
3-4 нас хүртэл хөхүүлэх нь арай хэтрэнээ.Харин эрт хүүхдээ хөхнөөс гаргаж хүчээр зогсоож байгаа нь хавдар үүсэх нөхцөл бүрдэж байгаа дээр нь жирэснэээс хамгаалах дааврын эм.
2021-10-15
Зочин:
Нэг л их хавдар оношилсон гарууд битгий худлаа саагаад бай
2021-10-15
Unen unen:
Havdriin emch bayrlalaagaa l bodno naad hed chin hahahah unen
Badnaanyambuu:
Amijalt husey emch dee