Гал түймрийн улмаас 46 хүн амиа алджээ
2021-10-15

Тайвань улсад гал түймрийн улмаас 46 хүн амиа алджээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, 10 дугаар сарын 14-ний үдшийн байдлаар түймрийн улмаас 41 хүн гэмтэж, бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Гал түймэр Тайванийн Гаосюн хотод болжээ. Орон сууц болон, арилжааны зорилгоор ашиглагддаг хуучны барилгад шөнийн цагаар гал гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, гал гарсан 13 давхар барилга 40 жилийн өмнө баригдсан бөгөөд доод давхруудад нь офис, дэлгүүр, дээд давхруудад хүмүүс амьдардаг байжээ.  

 

Галыг унтраахаар 400 гаруй хүн ажиллаж, түймрийг бүрэн унтраасан бөгөөд  аврах багийнхан эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаныхан мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр, энэ байранд 120 гаруй хүн амьдардагаас ихэнх нь ахмад настнууд байдаг гэнэ.

 

Цагдаагийн газрын мэдээллээр барилгыг галдан шатаасан бөгөөд сэжигтэй дөрвөн хүнийг баривчилсан, одоо хэрэг үйлдэх болсон сэдлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Гал гарахаас өмнө дэлбэрэлт болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин