Таваас 11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

АНУ-д 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил ойрын үед эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэнийг Цагаан ордны хэвлэлийн алба дамжуулжээ.
Жо Байдены өгүүлснээр, коронавирусийн халдвараас сэргийлэх, АНУ-д зөвшөөрөгдсөн вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулж болох эсэхийг Америкийн Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар болон Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв ойрын үед гаргахад бэлэн байгаа гэнэ. Эдгээр байгууллагууд зөвшөөрвөл АНУ-ын захиргааны зүгээс саад болох шалтгаан байхгүй гэж Байден онцолжээ.
Эргэн сануулахад, 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин ашиглах зөвшөөрөл хүссэн өргөдлөө Пфайзер компани илгээсэн юм. Одоогоор энэ вакциныг АНУ-д 16-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн бөгөөд 12-15 насныханд "нэн яаралтай нөхцөлд" л ашиглахыг зөвшөөрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ