COVID-19: Эдгэрсэний дараа таргалах эрсдэлтэй
2021-10-15 14:34

Коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүс жин нэмэж болзошгүй, ялангуяа бамбай булчирхайн асуудал болон бичил элементүүдийн хомстолтой хүмүүст ийм эрсдэл илүү өндөр байдаг талаар Оросын эмч нар анхааруулсныг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Учир нь өвчин туссан үед хүмүүс хордлогод орсны улмаас хоолны дуршил буурах бол эдгэрсний дараа дуршил эрс нэмэгдэж, ингэснээр өөхний массыг хуримтлуулдаг байна. 

 

"Коронавирусийн халдварын үед турах нь цаашдаа таргалах магадлалыг нэмэгдүүлдэг. Эдгэрсний дараа хоолны дуршил хэвийн болж, илчлэгийг авснаар биеийн жин нэмэгдэх явц эрчимждэг" хэмээн дотоод шүүрлийн булчирхайн эмч Михалева тайлбарлажээ. 

 

Коронавирусийн халдвараар өвдсөн үед вирус төв мэдрэлийн системд хортой нөлөө үзүүлсний улмаас хоолны дуршил буурдаг байна. Түүнчлэн вирусийн халдвартай үед амт, үнэр мэдрэх мэдрэмж алдагдаж, хүн хоолны амтыг мэдрэхгүйн улмаас хоол идэх дур төрдөггүй аж.

 

Эмч нарын өгүүлснээр, өмнө нь бамбай булчирхайн асуудал, бодисын солилцоо алдагдсан, Д амин дэм, төмөр, уураг зэрэг нэн шаардлагатай элементүүдийн хомстолд орсон хүмүүс ковидын дараа таргалах эрсдэлтэй байдаг гэнэ. Түүнчлэн, ковидын дараа нөхөн сэргэх явц удаан хугацаанд явагддаг тул өвчнийг эсэргүүцэхийн тулд хүнд урьд өмнөхөөс их хүч шаардагдан, биед байгаа бичил элементүүдээ илүүтэй зарцуулдаг аж. Тиймээс өвдсөний дараа хоолны зохист дэглэм баримталж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг өөрт хэт их ачаалал өгөхгүйгээр хийхийг эмч нар зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин