COVID-19 тусаад эдгэрсний дараа ямар шинжилгээ өгч, аминдэм хэрхэн хэрэглэх вэ
2021-10-16

Ковид туссан хүмүүсийн ихэнх нь эдгэрдэг, гэвч энэ өвчний дараа "удаан ковид" буюу өвчний дараах эмгэгүүд илэрч, үүнийгээ хэрхэн даван туулах талаар мэдэхгүй яваа олон хүн бий. Вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс хэрхэн дахин энгийн амьдралдаа шилжих зөвлөгөөг Оросын Ростовын анагаахын улсын их сургуулийн мэргэжилтэн, амбулаторын нөхөн сэргээх эмч нарын Европын холбооны гишүүн Леонид Дьяков "РГ" агентлагт ярьсныг хүргэж байна. 

 

- Хүн өөрийгөө хэзээ бүрэн эдгэрсэн гэж үзэж болох вэ?

 

- Бүх шинж тэмдэг арилж, шинжилгээгээр үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд очсон байвал эрүүл болсон гэж үзэж болно. Мөн тухайн хүн энгийн амьдралдаа эргэн орж, ажлаа хийж, юунд ч хязгаарлагдахгүй, амьсгал давчдах, зүрх дэлсэх болон бусад шинж тэмдэг ажиглагдахгүй бол эрүүл болсонд тооцож болох юм.

 

- Ковид тусаад эдгэрсний дараа ямар шинжилгээ өгч, ямар эрхтнүүдээ үзүүлэх ёстой вэ?

- Эдгэрсний дараа нэг жилийн дотор уушгины томограф зураг авахуулах хэрэгтэй. Цацраг туяанаас айх хэрэггүй, орчин үеийн аппаратууд бараг ямар ч хоргүй. Гагцхүү компьютер томограф зургаар л хүндрэлүүдийг илрүүлж болно. Гэхдээ өөрт ямар ч зовуурьгүй, амьсгал давчдахгүй бол ямар нэг шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

 

Түүнчлэн эдгэрсний дараа зүрхний бичлэг хийлгэж, шээс, цусны ерөнхий шинжилгээ өгөхийг зөвлөж байна. 

 

Мөн жилийн туршид амьсгалын системдээ анхаарал тавьж, гэртээ пульсоксиметрээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ шалгах боломжтой. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг жилийн турш ажигла, яг л даралтаа хэмждэг шиг пульсоксиметрийг ашиглахаа дадал болгох нь зүйтэй. 

 

- Биеийн байдал эргэн хэвэндээ орох хугацаа хэр удаан үргэлжилдэг бол? 

 

- Үүнд ихээхэн хугацаа шаардагдана. Ялангуяа уушгины хиймэл амьсгалын аппаратад орж байсан хүнд бүр их хугацаа шаардлагатай. Өмнө нь Зөвлөлтийн үед энгийн хатгалгаа өвчнийг эмчлэхэд гурван сар шаардлагатай гэж үздэг байсан. Энэ хугацаанд сувиллын эмчилгээ зайлшгүй багтдаг байлаа.

 

Сувилуулах нь маш чухал. Хүмүүс гол ус бараадаж, агаар амьсгалах дуртай. Энэ нь ч үнэхээр эмчилгээний үр дүнтэй байдаг юм.

 

Улирлын томуугийн өвчлөлийн үед хүний организм 1-2 долоо хоногийн дараа нөхөн сэргэдэг. Харин ковидын дараах нөхөн сэргэх хугацаа дунджаар 2,5 сар байна.

 

- Ковид тусаад эдгэрсний дараа хэрхэн зөв хооллох вэ? Амин дэм уух шаардлагатай юу?

 

- Өдөрт аль болох 3-4 удаа хоолло. Мөн хоолны цэсэндээ шинэ жимс, ногоо түлхүү оруулах нь зүйтэй. Долоо хоногт дор хаяж хоёр удаа загас, махан хоол ид. Өвчин хүндэрсэн үед уургийн протеинуудаа ихээр алддаг. Тиймээс үүнийг нөхөх нь зүйтэй. Үүнд цөцгий, наран цэцэгийн, чидун жимсний тос хэрэглэх нь тустай.

 

Мэдээж амин дэм хэрэглэнэ. Эмчилгээ явагдаж байх үед хүмүүс амин дэмийг их тунгаар авсан байгаа. Гэхдээ эмчилгээний дараа ч гурван сарын туршид бичил элементүүд бүхий поливитамин уувал тустай.

 

- Коронавирусийн халдвар тусаад эдгэрсний дараа юу хийж болохгүй вэ?

 

- Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хэт их биеийн ачаалал авахгүй байх. Эдгээр нь дархлаа тогтоход саад болохын дээр биеийн байдлыг дордуулдаг. Даарч болохгүй, зөв хооллож, сайн унтаж амрах хэрэгтэй.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин