"Итгэлцэл" дээр тулгуурлан ажилладаг шар айрагны бүхээг нээгджээ
2021-10-16

Чехийн Крконошед жуулчдад зориулсан шар айрагны бүхээг  нээгджээ. Энд эзэн, худалдагчийн аль аль нь байхгүй. Энэ мухлаг итгэлцэл дээр суурилан ажилладаг гэнэ.

 

РГ агентлагийн мэдээлснээр, 1080 метрийн өндөрт жуулчдыг хүлээн зогсох энэ модон мухлагт хоёр цорго байдаг аж. Нэгнээс нь Чехийн Konrad шар айраг гарах бол нөгөөгөөс нь нимбэгний шүүс гарна. Үйлчлүүлэгч энэ мухлагт ирж 0,3 литр эсвэл 0,5 литрийн хуванцар аяга аван, сонгосон ундаагаа өөрт тохирох хэмжээгээр хийж авах аж. Эзэн, худалдагчийн аль аль нь байхгүй энэ мухлагаар үйлчлүүлсэн төлбөрөө мухлагт байрлуулсан тусгай хэсэгт хийх юм байна.

 

Төлбөр төлсөн эсэхийг ч хэн ч шалгахгүй. Үйлчлүүлэгч 0,3 л шар айраг авсан бол 20 крон, харин том хэмжээтэйг авсан бол 30 крон үлдээх ёстой аж.

 

Чехийн хэвлэлүүдийн мэдээлснээр, нутгийн бизнес эрхлэгчид энэ мухлагийг цар тахал эхэлж, Чехд тусгаарлалтын горим нэвтрүүлсний дараа энд байрлуулжээ. Энэ мухлаг нь худалдагч, худалдан авагч шууд харьцах шаардлагагүй, мөн жуулчдын дунд ихээхэн нэр алдартай болсон гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин