Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
2021-10-17

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдсан энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, Т.Буянбат болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.

 

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар эхэлж, Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

 

 

Үүний дараа БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны энхийг сахиулагчдаа цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойших 19 жилийн хугацаанд дэлхийн 13 улсад явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19500 гаруй цэргийн алба хаагч, энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан өндөр эрсдэлтэй энэ цаг үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Та бүхэн төр, засгийн удирдлагаас хүлээлгэсэн өндөр нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэн, бие биедээ анхаарал тавьж, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна" гэдгийг онцоллоо.

 

Тэрбээр үг хэлснийхээ дараа Цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатад Монгол Улсын Төрийн далбааг гардуулж, ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн, "Дэлхийн цэрэг" хэмээгдсэн Монгол цэргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийг ерөөлөө.

 

 

Мөн энэ үеэр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх дайчин нөхдөдөө хандаж, цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ БНӨСУ-д явагдаж буй ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн өмнөх багуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон ололт амжилтыг улам бүр бататгаж, энх тайван, тогтвортой байдлыг хангах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхий дахинд болон манай оронд тархсан цар тахлын хүнд үед цэргийн багийн бие бүрэлдэхүүн "Түргэн сэтгэ, дасан зохиц, итгэлийг зүтгэлээр ялан дийл" гэсэн уриаг дэвшүүлэн ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг халдвар хамгааллын өндөр түвшинд чанартай, тасралтгүй, өндөр хариуцлагатайгаар зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЗХЖШ, Ажиллагааны удирдлагын газар, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Энхийг дэмжих сургалтын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье гэдгийг тодотгов.

 

Ёслолын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэслэгч А.Оюунболдод албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол, мөн 013 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч, түрүүч Б.Буянжаргал, түрүүч Ө.Төрмөнх нарт дэд ахлагч цол хүртээснийг нь гардуулан өглөө.

 

Түүний дараа ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА Н.Түвшинжаргал "Хэнгэрэг дэлхийн цэрэг" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Цэргийн баг, бүрэлдэхүүний сүлд дуу болгон шинээр зохиосон дэд хурандаа Б.Мөнх-Учралын үг, ая "Зүрхний эх орон" дууг дэд ахлагч Б.Энхжаргал, М.Энхбат нар дуулсан нь энэхүү ёслолын ажиллагааны ач холбогдлыг улам бүр өргөсөн юм.

 

Энэхүү Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Ёслолын жагсаалаар үргэлжлэн, Жанжин тугийг байнгын байрлалд эргүүлэн залснаар өндөрлөв.

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.

 

Эх сурвалж: ЗХЖШ

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Shuud.mn
Сонин хачин
manai heden tsereg ajilgaand yavad tsalin gej hugiin yum avdag gee bizdee
2021-10-17