Эрчим хүчний хямрал нүүрлэсэн орнууд Оросын нүүрсийг сонгов
2021-10-18

Эрчим хүчний хямрал энэ өвөл гэхэд л дэлхий дахиныг “сүйрэл”-ийн ирмэгт хүргэх эрсдэлтэй талаар шинжээчид анхааруулж байна. Байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнэ асар өндөр болсны улмаас Европ хөлдөхийн даваан дээр ирсэн бол Хятад улс үйлдвэрүүдээ хааж байгаа юм. 


Олон орон ногоон эрчим хүчийг сонгох үүднээс нүүрснээс татгалзана гэж удаа дараа мэдэгдэж байсан ч сүүлийн үед “нүүрснээс татгалзах” нь яг одоогоор боломжтой хувилбар биш гэдгийг харуулсан үйл явдлууд шил шилээ даран гарч байна. Дэлхий даяар нүүрсний үнэ өсөж, тухайлбал Хятадад нүүрсний хомстолын улмаас нүүрсний үнэ нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт тавьсан бол зарим газарт нэг мөр цахилгаан таслаад байгаа юм. 


Цахилгаан шат, дэлгүүр ажиллахгүй, харин байгууллагууд ажлын цаг, өдрөө багасгасаар байна. Шалтгаан нь, Хятадын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 хувийг хангадаг нүүрснээс тус улс ихээхэн хамааралтай. 


Ийнхүү эрчим хүчний хямрал үүсэх болсон шалтгаан нь Хятад улс нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихээр яаран шийдсэнтэй холбоотой гэж зарим ажиглагчид үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Хятадын засгийн газар эрчим хүчний үнийг тогтоодог бол зах зээл дээрх нүүрсний үнэ зах зээлийн жамаараа зохицуулагддаг үеийн зөрүүтэй байдал үүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. 


Энэ онд нүүрсний үнэ эрс өссөнөөр дулааны цахилгаан станц алдагдалд орж, улмаар цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт тасалдсан. Ингээд Хятадын эрх баригчид Оросоос нүүрс, цахилгаан эрчим хүч импортлохоор шийдсэн юм. Улмаар өнгөрсөн сард Оросоос авах түлшний хэмжээ өмнөх сартай харьцуулахад 76 хувиар өсчээ. 

 

Хятад улс эрчим хүчний хямралыг шийдвэрлэх үүднээс Оросоос авах нүүрс төдийгүй цахилгаан эрчим хүчний хэмжээгээ ч нэмэгдүүлэхээр болсон юм. Тодруулбал, БНХАУ Оросын "Интер РАО" компанитай хэлэлцээ хийх үеэрээ 2021 оны 11, 12 дугаар саруудад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэхийг хүссэн талаар өнгөрсөн долоо хоногт ТАСС агентлаг мэдээлж байв.

 

ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, 10 дугаар сар гарсаар Оросын "Интер РАО" компани Хятад руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ 90 хувиар нэмэгдүүлжээ. Өмнө нь БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээний компани ч мөн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байна. "Амурск-Хэйхэ" цахилгаан дамжуулах шугамаар Оросоос нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ мөн л гурав дахин өсчээ. 

 

Нүүрсний хомстол нүүрлэсэн цорын ганц улс нь Хятад биш. Энэтхэг улс ч мөн л ийм асуудалтай нүүр тулж байна. Коронавирусийн цар тахлын ээлжит давалгааны дараа цахилгаан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэж, улмаар үүнд дулааны цахилгаан станцууд нь бэлэн байгаагүй бөгөөд улмаар эрэлт эрс нэмэгдсэнээр Энэтхэгийн нүүрсний нөөц эрс багасчээ. Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Энэтхэг мөн л Оросоос нүүрс авахаар зэхэж байгаа гэнэ. 


Европт ч эрчим хүчний хямрал газар авах шинжтэй. Регнум агентлагийн мэдээлснээр, ирэх өвөл Швейцарт бүхий л хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадал хүрэлцэхгүй байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. 


Тиймээс Швейцарын засгийн газар цахилгаан эрчим хүч тасалдсан нөхцөлд хэрэглээгээ бууруулахад бэлэн байхыг анхааруулсан мэдэгдлийг 30 мянган гаруй компанид илгээжээ. 


Засгийн газрынх нь мэдэгдэлд өгнүүлснээр, цахилгаан эрчим хүч хомстсон нөхцөлд нэн тэргүүнд хүн амдаа хандан хэмнэлт хийх хүсэлт тавих гэнэ. Дараагийн ээлжинд усан сан ашиглах, агааржуулалт, цахилгаан шат ашиглахыг хориглож болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ. 


Харин гагцхүү гуравдугаар шатанд л компаниудыг хэрэглээгээ хэмнэхийг анхааруулах аж. Швейцарийн эрх баригчдын болгоомжилж байгаачлан эрчим хүчний хямрал нүүрлэвэл тус улс хоногт л 4,33 тэрбум ам.долларын хохирол амсах юм байна. 


Эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэхийн тулд Швейцарын цахилгаан эрчим хүчний компаниудын холбоо 2000 орчим бага оврын хийн цахилгаан станц байгуулахыг санал болгож байгаа бөгөөд эдгээр нь хүчин чадал хомстсон нөхцөлд тодорхой хэмжээгээр ажиллаж, хэрэгцээ хангахад шаардлагатай гэнэ. Гэхдээ энэ нь 2050 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны стратеги аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манайд удахгүй бас цахилгааны хямрал нүүрлэнэ гэх байхдаа.Гэхдээ оросууд манайд өгдөг тогоо хязгааралчихгүй бол гайгүй байх.
2021-10-18