Афганистан: Талибууд, босогчдын хоорондын тулаан үргэлжилж байна
2021-10-18

Эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Афганистанд дайн дууссан хэмээн мэдэгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч талибуудыг хүлээн зөвшөөрөөгүй босогчдын эсэргүүцэл дахин сэргэв. Энэ удаад Баглан муж ширүүн тулалдааны тавцан болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр талибууд энд томоохон хохирол амсчээ. Панжшертэй залгаа Баглан мужид болж буй үйл явдал нь партизаны дайн өдөөж мэдэх, байлдааны чадвар бүхий нэгтгэлүүд Афганистанд байсаар байгааг харуулж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. 

 

Эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөн Афганистан даяар бүрэн хяналтаа тогтоосон гэж есдүгээр сарын зургаанд зарлаж, Исламын Эмират Афганистаныг цогцлоож, энх тайван амьдарна гэж мэдэгдэж байсан ч тэдний энэ "тайван өдрүүд" дуусгавар болов. Өнгөрсөн баасан гарагт олон улсын хэвлэлүүдийн дамжуулснаар Баглан мужид талибууд болон Үндэсний эсэргүүцлийн фронтын дайчдын хооронд ширүүн тулалдаан өрнөжээ. 

 

Энэ удаад Баглан мужийн Пули-Хисар, Дих Салах ширүүн тулааны тавцан болсон бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээлснээр талибууд энд болсон тулааны үеэр 60 гаруй хүнээ алдаж ухарсан байна. Түүнчлэн Үндэсний эсэргүүцлийн фронтынхон Якуб Али Хан Андараб болон Имам Нурзад Андараби гэсэн хээрийн хоёр командлагчаа тулалдааны үеэр алдсан гэж мэдээлжээ. 

 

Харин Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба босогчдын гурван командлагч Багланд амиа алдсан гэж мэдээлсэн бол өөрсдийн буюу талибуудын дунд гарсан хохирлын талаар огт мэдээлээгүй байна.

 

Баглан муж нь Ашраф Гани Ерөнхийлөгчийн дэглэм нуран унасны дараа талибуудыг эсэргүүцэх зэвсэгт босогчдын сүүлчийн тулгуур болсон Панжшер мужтай хил залгадаг. Панжшер мужид Панжшерийн арслан хочит домогт командлагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд Үндэсний эсэргүүцлийн фронтыг эмхлэн байгуулсан юм. Мөн энэ муж руу Афганистаны дэд Ерөнхийлөгч Амрулла Салех дүрвэн очиж, өөрийгөө улсын албан ёсны тэргүүн хэмээн зарласны дээр босогчидтой нэгдэж байв.

 

Фронтынхон хоёр долоо хоног орчим талибуудтай ширүүн тулалдсаны дараа есдүгээр сарын зургааны өдөр талибууд Панжшерийн хөндийг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарлаж байлаа. "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид Афганистаны нутаг дэвсгэр дээр дайн дууссан хэмээн мэдэгдсэн бол босогчдын тэргүүн Ахмад Масуд талибуудтай хийх тэмцэл үргэлжилж байгаа гээд афганчуудыг бүх нийтийн бослогод уриалж байсан юм.

 

Фронтын мэдээлснээр, одоогоор босогчид Панжшерийн нутаг дэвсгэрийн 60 хувийг, Баглан мужийн Андараб хотыг хяналтдаа оруулсан байна.

 

Панжшер болон Баглан мужууд талибуудыг эсэргүүцэх голомт болох хэд хэдэн хүчин зүйл байгаагийн нэг нь тус мужуудын хүн амын угсаа гарал юм. Панжшерийн хүн амын 99 хувь нь тажикууд бол Баглан мужийн хүн амын 80 хувь нь тажикууд, бусад нь хазара болон узбек гэсэн үндэсний цөөнхүүд байдаг аж. Энд "Талибан" хөдөлгөөний тулгуур, Афганистаны томоохон угсаа болох пуштунууд бага байдаг гэнэ. Талибууд үндэсний цөөнхүүдийг багтаасан засаглал бий болгож, бүгдийг эрх тэгш нөхцлөөр хангана гэж удаа дараа мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ энэ амлалтаа огтхон ч биелүүлээгүй тул ийнхүү үндэсний цөөнхүүд талибуудыг эсэргүүцэн зогссоор байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин