Эрчим хүчний хямрал: Британи галт тэрэгнүүдээ зогсоож байна
2021-10-18

Их Британийн ачаа тээвэрлэлтийн Freightliner компани цахилгаан зүтгүүрүүдээ замаас татаж, дизель зүтгүүрүүдээр сольсон гэж Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Компанийн энэхүү шийдвэр нь ес болон аравдугаар саруудад Британид цахилгаан эрчим хүчний үнэ 200 гаруй хувиар өссөнтэй холбоотой гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан галт тэрэгнүүд Филикстоу далайн боомт болон Английн зүүн урд хэсэг хооронд аялдаг бөгөөд зарим чиглэлийг бүрэн цахилгаанжуулаагүй тул түлшээр ажилладаг зүтгүүрүүдийг явуулдаг байжээ. Харин цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас Freightliner компани бүхий л чиглэлээсээ цахилгаан зүтгүүрүүдээ татсан байна. 

 

Компанийн удирдлагууд цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг "байж болшгүй өндөр" хэмээн нэрлэж, ачааны бүрэлдэхүүнүүдийг өөрчлөх болсон шийдвэр нь түр хугацааных, зорчигч тээвэрт энэ шийд хамаарахгүй гэж онцолжээ.Freightliner оператор нь Их Британийн ачаа тээвэрлэлтийн зүтгүүрийн хамгийн том парк бөгөөд саяхан нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах үүднээс 13 цахилгаан зүтгүүр худалдан авч байжээ. 

 

Ийнхүү ачаа тээврийн том компани цахилгаан зүтгүүрүүдээ татсан явдлыг орон нутгийн эрх баригчид "төрийн эрчим хүчний бодлогын бүтэлгүйтэл" хэмээн нэрлээд илчит тэрэгний эрин үед эргээд очихгүйн тулд эргийн бүсүүдэд цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг уриалсан байна. 

 

Эргэн сануулахад, Европ даяар цахилгаан эрчим хүчний үнэ эрс нэмэгдэж байгаа юм. Энэ нь хийн хангамж, цахилгаан үүсгүүрүүдэд эрчим хүч үйлдвэрлэх хангалттай салхи гарахгүй байгаа болон эрчим хүчний нөөцүүдийн үнэ эрэлтээс шалтгаалан үнэд орж байгаатай холбоотой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин