Мьянмар эсэргүүцлийн жагсаалд оролцсон 5000 хүнийг суллана
2021-10-18

Мьянмарын Засгийн газар цэргүүдийн дэглэмийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо улмаас баривчлагдан хоригдсон 5,6 мянга гаруй хүнийг суллана гэж тус улсын төв телевиз мэдээлснийг Ройтерс дамжуулжээ. 

 

Хэдийгээр эсэргүүцэлд оролцогчдыг суллахаар болсон ч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн сөрөг хүчнийхнийг буруутгасан байна. Гэхдээ "хүмүүнлэгийн үүднээс өршөөл үзүүлж байна" гэж цэргийнхний бүрдүүлсэн Засгийн газрын тэргүүн Мин Аун  Хлайн мэдэгджээ.

 

Цэргийнхний бүрдүүлсэн засгийн газар Мьянмарт энх тайван, ардчиллыг тогтоох эрмэлзэлтэй гэж Мин Аун Хлайн мэдэгдээд сөрөг хүчнийхэн өдөөн хатгалга, хүчирхийлэл үйлдэж байгааг анхааралдаа авахыг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоонд уриалсан байна. Мьянмарт энх тайван замаар нөхцөл байдлыг зохицуулах гэхэд сөрөг хүчин саад болж байна хэмээн тэрбээр онцолжээ.

 

Эргэн сануулахад, 2021 оны хоёрдугаар сард Мьянмарт цэргийн эргэлт гарч, ерөнхий командлагч Мин Аун Хлайны удирдсан цэргүүд Засгийн газрыг тараан, тус улсын Ерөнхийлөгч Мин Мьин болон төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Жи нарыг баривчилсан юм. Үүний дараагаас цэргийн дэглэмийг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулж, улмаар цэргийнхэн жагсагчдыг буудан хөнөөж, олноор нь баривчилж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин