А.Оргилсайхан: Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 автобус нэмэхээр төлөвлөж байна
2021-10-19

 

Нийтийн тээврийн хүртэмж, үйлчилгээний талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус үйлчилгээ үзүүлж байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 980 орчим нийтийн тээврийн хэрэгсэл өдөр тутамд үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил 952 автобус өдөр тутам нийтийн тээвэрт үйлчилж байсан. Харин энэ жилээс 980 болсон.

 

Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт хэчнээн хүн зорчиж байна вэ?

 

-Коронавирус цар  тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөлт өөрчлөгдсөн. Өнгөрөгч зун нийтийн тээврийн зорчигч урсгал маш бага байсан. Харин есдүгээр сараас ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн болж, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зорчигчдын урсгал нэмэгдсэн. Жишээлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын эхний хугацаанд өдөрт 300. 000 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол есдүгээр сард өдөрт 480.000 зорчигч болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний газраас есдүгээр сард 50 орчим автобус үйлчилгээнд нэмэгдүүлсэн. Мөн ачаалал ихтэй дөрвөн чиглэлд уртасгасан цагаар нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ нь өглөөний 5.30-00.30 цаг хүртэл үйлчлэх юм.

 

  • Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник

  • Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв

  • Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр

 

Автобус хоорондын явах давтамж 5-8 минут байдаг. Гэхдээ замын түгжрэлээс хамаарч  автобус хоорондын хугацаа алдагдах тохиолдол гарч байгаа. Төлөвлөлтийнхөө цаг хугацаанд багтаж үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.

 

Автобусны насжилт ямар байна вэ?

 

-Арванхоёрдугаар сарын 31-нээр 300 гаруй автобусны насжилт дуусахаар байсан. Гэхдээ нэг жилийн хугацаатай сунгасан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд шат дараатай шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Өнгөрөгч долдугаар сарын 31-нээр насжилт нь дуусаж байсан 30 гаруй автобусны нөхөн хангалт хийж,  36 шинэ автобус оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн. Мөн 60 автобус худалдан авахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэ онд багтаж нэмж 60 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

 

-ААН бүр дотоод зохион байгуулалт хийдэг. Цар тахлын энэ үед нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах хүний нөөцийн хувьд хүндрэл бэрхшээл тулгарсан. Тодруулбал,  коронавирусийн халдвараар өвчилсөн жолоочийн оронд өөр жолооч ажиллуулах, үйлчилгээг тасалдуулахгүй байх хүчин зүйлүүдтэй тулгарсан. Үйлчилгээнд ямар нэгэн доголдол үүсгэхгүйгээр жолоочоо нөхөөд үйлчилгээ хэвийн явагдаж байна.

 

Нийтийн тээвэрт халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

 

-Нийтийн тээврийн салбарт нийтдээ 1200 орчим автобус бий. Үүнээс 1000 орчим нь өдөр тутам нь үйлчилгээнд явж байгаа. Нөхөн хангалтын бэлтгэлд 200 орчим нь бий. Ерөнхийдөө нийтийн тээврийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Халдвар хамгааллын дэглэм баримтлахын тулд нэг нийтийн тээврийн хэрэгсэлд 15-20 зорчигч суух ёстой. Үүгээр тооцож үзвэл 1500 орчим автобус нэмж үйлчилгээнд явуулж байж, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм бариулах  боломжтой болно. Өдөр бүр автобусанд их цэвэрлэгээ хийж, 2-3 удаа ариутгаж байгаа. Зарим нийтийн тээврийн хэрэгсэлд автомат халдваргүйжүүлэгч бий. Энэ нь нэг чиглэлд бүтэн яваад халдваргүйжүүлэлтээ хийдэг.

 

Мөн коронавирус цар тахлын энэ үед цахим төлөлтийг эрхэмлэхийг уриалж байна. Иргэдээс “карт цэнэглэх цэг ажиллахгүй, төхөөрөмж нь эвдэрсэн байна, картаа хаясан” зэрэг гомдол шүүмжлэл ирдэг. Тиймээс энэ асуудлыг зохицуулахаар 200 гаруй шалгагч автобусны буудлууд дээр ажиллаж байна. Иргэд шалгагч нарт хандан картаа цэнэглүүлэх боломжтой. Мөн аппликейшн ашиглан картаа цэнэглэх боломж бий.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нийтийн тээвэррт хүн хоорондын зай барих байтугай, хүзүү сээрээрээ холбогдох шахам жихэлдэж байна.
2021-10-19
зочин:
Нийтийн тээврийн зарим автобусаа солиочоо, салж унах гэсэн, тар няр дуутай юмнууд яваад байна. Жишээ нь: чиглэл-57 Ажил тарах ачаалалтай үеэр 5.30-аас хойш төвөөс гадагш чиглэлийн хоорондох зайг ойртуулж болдоггүй юм уу? Өвлийн хүйтэнд хөлдөж үхтэлээ хүлээх хэцүү шүү.
2021-10-19
niitiin teever uneheer zalhmaar shuu buun har utaa tortog udriin tsagaar yamarch hungui 20 30 uulaa zam tugsjruuleed unen laitai zohitsuulah arga baina uu
2021-10-19