COVID-19: Латвид хатуу хөл хорио тогтооно
2021-10-19

Латвийн Хямралын удирдлагын зөвлөл коронавирусийн улмаас хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Латвид хөл хорио, хөл хорих цаг үйлчлэхээр болсон тухай Регнум агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 20.00-05.00 цагийн хооронд иргэд гэрээсээ гарч болохгүй гэнэ. Тухайн хүн вакцин тариулсан эсэхээс үл хамааран бүх хүнд хөл хорих цаг үйлчилнэ гэж Латвийн Эрүүл мэндийн сайд Даниэль Павлютс мэдэгджээ. 

 

Түүнчлэн байгууллагуудын ихэнх нь хаагдаж, гагцхүү нэн хэрэгцээт бараа үйлчилгээг нийлүүлдэг байгууллагууд хэвийн горимоор ажиллах юм байна. Мөн олон нийтийн арга хэмжээг хориглож, сургуулиудын зарим ангиудаас бусад нь цахим хичээлд шилжих аж. 

 

Латвид дархлаажуулалтын ажлын хамрах хүрээ бага төвшинд байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Вакцинд хамрагдах иргэдийн идэвх хангалтгүй байгаа тул халдварын тархалт өндөр байгаа гэнэ. Тиймдээ ч энэ улс нэг сая хүнд ноогдох коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлоороо дэлхийд тэргүүлж байгаа гэж Америкийн Жон Хопкинсын их сургууль мэдээлсэн юм. 

 

Тодруулбал, Латвид 10 дугаар сарын 17-ны өдөр долоо хоногт илэрсэн, нэг сая хүнд ноогдох халдварын тохиолдол 7679,97 болжээ. Энэ улсад өдөр бүр 2000 гаруй шинэ тохиолдол илэрч байгаа бөгөөд 1,9 сая хүн амтай Латвид цар тахал дэгдсэнээс хойш 186 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 2890 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин