Орос, Америкийн сансрын хөөцөлдөөний ШИНЭ ЭРИН
2021-10-19


“    1965 оны 03 дугаар сарын 18. Сансрын хөөцөлдөөнд ЗХУ одоогоор АНУ-ыг гүйцэж байгаа ч америкчууд тун удахгүй сар руу хүн илгээхээр зэхэж байна. ЗХУ түрүүлэх ёстой, Зөвлөлтийн сансрын нисэгчид хамгийн түрүүнд задгай сансарт гарч, энэ талаараа дэлхий даяар шууд дамжуулах ёстой. Энэ эхлэлийг тавих хүмүүс нь Павел Беляев, Алексей Леонов нар байна. Нисэгчдийн бэлтгэл дутуу, туршилтын хөлөг сансарт дэлбэрсэн гээд “Восход-2” хөлгийг хөөргөхөд эрсдэл дэндүү их. Гэсэн ч тэд ниснэ, гэхдээ сансрын нисэгчид даалгавраа биелүүлж, гэртээ эсэн мэнд ирэхийн тулд олон бэрхшээл туулна. Алексей Леонов задгай сансарт байх үед скафандр нь гэмтэж, датчик ажиллаагүйн улмаас хүчилтөрөгчийн хордлогод орж, тойрог замаас гар аргаар буулгасан капсул нь төлөвлөгдөөгүй газарт газардаж, дүн өвлийн хүйтнээр тэд шигүү ойд амьд гарахаар тэмцэнэ” 


Энэ бол 2017 онд дэлгэцнээ гарсан, Монголд “Сансрын нисэгч” гэсэн нэрээр орчуулагдан телевизээр үзэгчдэд хүрсэн “Анхдагчдын цаг” хэмээх киноны үйл явдал. Бодит үйл явдал дээр тулгуурласан энэ кино хүйтэн дайны үеийн цаг төрийн байдлыг бэлхнээ харуулна. Үнэхээр л Зөвлөлт, АНУ гэсэн хоёр том гүрэн бүх тал дээр тэр дундаа сансрын талбарт өрсөлдөж, нэгнээсээ өрсөхийн тулд олон эрсдэлтэй алхам хийж байлаа. 


Сансрын хөөцөлдөөн 

1957-1988 оны хооронд ЗХУ болон АНУ-ын хооронд, сансар эзэмших салбарт гарч байсан “ширүүхэн” өрсөлдөөнийг ийнхүү “сансрын хөөцөлдөөн”, “Space Race” хэмээн нэрлэдэг. “Зэвсгийн хөөцөлдөөн” гэх нэршлээс энэ нэр үүссэн бөгөөд энэ хөөцөлдөөний үеэр хоёр орон сансарт хиймэл дагуул, амьтан болон хүн хөөргөх, саран дээр хүн буулгах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлж байв. 


Сансрын хөөцөлдөөн 1957 оны 10 дугаар сарын дөрөвнөөс эхтэй. Энэ өдөр ЗХУ “Спутник-1” хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Ингээд ЗХУ анхны сансрын гүрэн болсноороо сансрын хөөцөлдөөнийг эхлүүлэв. Дайн туулаад удаагүй орны хувьд хиймэл дагуул хөөргөсөн нь сайн сайхан үе, шинэ ирээдүйд шилжих бэлгэдэл байлаа. 


Харин технологийн хувьд хамгийн өндөр хөгжилтэй орон гэж өөрийгөө тооцдог АНУ-ын хувьд ЗХУ ийн хиймэл дагуул хөөргөсөн нь томхон цохилт болж, Эйзенхауэрийн захиргаа технологийн тэргүүлэх салбарт  ололт амжилтад хүрэхэд чиглэгдсэн алхмууд хийж эхлэв. 1958 онд шинжлэх ухааны стратегийн чухал салбаруудад боловсрол олгохыг дэмжсэн хууль батлагдаж, сансар судлалын байгууллага болох НАСА байгуулагдсан юм. Хожмоо энэ үеийн үйл явдлуудыг “хиймэл дагуулын хямрал” хэмээн нэрлэж байв. 


Ингээд дөрвөн сарын дараа, 1958 оны хоёрдугаар сарын нэгний өдөр АНУ “Эксплорер-1” хиймэл дагуулаа хөөргөсөн юм. 
Энэ өрсөлдөөний явцад ЗХУ болон АНУ жолоодлоготой сансрын нислэгүүд гүйцэтгэдэг, пуужин тээвэрлэгч бүхий хиймэл дагуулуудыг илгээдэг “сансрын гол гүрнүүд” болов. 


ЗХУ 1951 онд Дезик болон Цыган гэсэн хоёр нохойг 110 км өндөрт нисгэсэн нь дэлхийгээс сансарт хөөрсөн анхны сүүн тэжээлтнүүд байв. Тэд амьд буцаж ирсэн юм.
ЗХУ 1957 онд “Спутник-2” хөлгөөр Лайка нохойг нисгэсэн нь тойрог замд гаргасан анхны амьд амьтан байлаа. Анхнаасаа хөлгийг буцаж ирүүлнэ гэж төлөвлөөгүй байв. 
1960 онд ЗХУ Белка, Стрелка гэх хоёр нохойг хөөргөж, тэд дэлхийд амьд газардсан юм. 
АНУ1961 онд Хэм сармагчныг суулгасан сансрын хөлгийг хөөргөсөн бөгөөд Хэм амьд мэнд буцаж ирсэн байна. 
1968 онд ЗХУ яст мэлхий суулгасан “Зонд-5” аппарат хөөргөж, энэ аппарат сансрыг тойрчээ. 

Ийнхүү сансрын хоёр том гүрэн амьтад хөөргөн туршилт хийж байсан бол сансарт ниссэн анхны хүн нь Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин болсон юм. Тэрбээр 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Восток-1” хөлгөөр сансарт ниссэнээр ЗХУ “сансрын анхны их гүрэн” болов.  Тун удалгүй, 1961 оны тавдугаар сарын тавны өдөр Америкийн сансрын нисэгч Алан Шепард 187 км хүртэлх өндөрт тойрог зам орчмын нислэг хийснээр АНУ хоёр дахь “сансрын их гүрэн” болсон юм. 

 

“Сансрын кино”-ны хөөцөлдөөн

Цаг үе явсаар, өндөр технологи хөгжсөөр сансар судлалын салбарт хоёр орон аль аль нь л ихээхэн ололт амжилтад хүрч, дэлхий дахины хөгжлийг ч түүчээлж байгаа юм. Сансрын хөөцөлдөөн эхэлж байсан үеэс хойших сансар судлалын талбарын туршилт, судалгаа, гүйцэтгэлийг энд тоочоод баршгүй. 


Сансарт анх хүн, амьтан нисэж байснаас хойш хагас зуун өнгөрч, сансрын салбар эрчимтэй хөгжиж, гадаад орон руу жуулчилдаг шигээ сансарт аялал зохион байгуулах эхлэл тавигдсан энэ үед хоёр орон өөр нэг өрсөлдөөнийг эхлүүлэв. Энэ бол сансрын киноны хөөцөлдөөн. 


Энэ өрсөлдөөн жил гаруйн өмнөөс эхтэй. АНУ кино бүтээхээр сансарт жүжигчин илгээнэ гэж мэдэгдэж байх зуур Орос улс түүхэн алхмыг түрүүлж хийхийн тулд ханцуй шамлан орсон юм. 


Холливудын алдарт жүжигчин Том Круз уран сайхны зураг авахаар Олон улсын сансрын станцыг зорино гэх мэдээлэл 2020 оны тавдугаар сард гарч байлаа. Ингээд америкчууд туршилт хийж, Том Крузийг найруулагч Даг Лайманы хамт 2021 оны сүүлээр зөгнөлт киноны зураг авахуулахаар олон улсын сансрын станц руу илгээнэ гэсэн мэдээлэл 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр гарч байв. 


Энэ мэдээллийг Орос ч дуугүй сонсоод өнгөрсөнгүй. Холливудын од сансарт нисэх тухай мэдээллээс хэдхэн хоногийн дараа “Роскосмос”, Нэгдүгээр суваг болон Yellow, Black and White кино студи хамтран мэдэгдэл гаргалаа. Тэд “Сорил” гэх ажлын нэртэй уран сайхны киног сансарт зургийг нь авахаар төлөвлөснөө дуулгасан юм. 


ОХУ-ын зорилго нь зүгээр ч нэг сансарт кино авчих биш харин Оросын сансрын салбарын ажиллагааг сурталчлах, сансрын нисэгчийн мэргэжлийн суу алдрыг түгээх явдал байв. Ингээд зогсохгүй, АНУ-аас өрсөх гэсэн зорилготой ч байж мэднэ. 


Гурван хүнтэй, жолоодлогтой “Союз” хөлгийг бэлдэхэд хоёр жилийн хугацаа шаардлагатай байв. Гэхдээ Орост ийм хугацаа байсангүй, америкчууд өрсчихнө шүү дээ. Тиймээс киноны багийнханд тусгайлан зориулж хөлөг бүтээсэнгүй. Ингээд хэдийнэ бэлэн болсон байсан “Союз МС-19” хөлгийг сонгов. 2021 оны 10 дугаар сард сансрын нисэгчтэй хамт сансарт хөөрч, кино зураг авалтад оролцох жүжигчнээр  жүжигчин Юлия Пересильд сонгогдлоо.Сансарт зургийг нь авсан түүхэн дэх анхны кино болох “Сорил” киноны жүжигчин, найруулагч сансрын нисэгчийн хамт 10 дугаар сарын тавны өдөр Олон улсын сансрын станцад хүрсэн юм. Тэд тэндээ 12 өдөр ажиллаад  10 дугаар сарын 17-ны өдөр эх дэлхийдээ эсэн мэнд газардлаа. 


Сансрын киноны өрсөлдөөнд Орос яаравчилснаараа мөн л анхдагч болж чадав. Гэхдээ сансрын жуулчлалын талбарт АНУ түрүүлж алхаж байгааг мартаж болохгүй. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Хаха энэ юм уншдаггүй мэдлэггүй нөхрийн бичсэнийг уншвал шууд бөөлжис цутгаж бна. Орос Америкийн пуужингийн технологийг жишвэл чи маш сайн үхэр тэрэг хийж чаддаг бол хөрш чинь чиний хийж бгааг огт тоохгүй онгоц хийж бгаатай ижил юм. Тэгэхээр Орос нь илүү юм.
2021-11-09
Орос нь Америкаасаа пуужингийн технологиор 20-30 жилээр түрүүлж явдаг юм. Тэгэхээр АНУ царайчилсан хэвээр л дуусах болно.
2021-11-09
Энгэлээ гээд оросууд хэзээч америкын дээр гарахгүй хөршүүдээ зовоосон новшнууд
2021-10-19
Zochin:
ОХУ хүчирхэг зэвсэг үйлдвэрлэж байгаа ба сансарт ноёрхолоо тогтоож чадах улс шүүдээ, маш хүчирхэгжиж байна, ОХУ, АНУ, БНХАУ энэ 3 улс сансар огторгуйд өрсөлдөж байна шүүдээ.
2021-10-19
Завхарсын:
Оросын ард түмэн харанхуй бүдүүлэг ганц олигтой машин үйлдвэрлэж чадахгүй байхад сансар энээ тэрээ дэмий юм оросын ард түмэнд уг нь ямарч хэрэггүй эд
2021-10-19
Хаха энэ юм уншдаггүй мэдлэггүй нөхрийн бичсэнийг уншвал шууд бөөлжис цутгаж бна. Орос Америкийн пуужингийн технологийг жишвэл чи маш сайн үхэр тэрэг хийж чаддаг бол хөрш чинь чиний хийж бгааг огт тоохгүй онгоц хийж бгаатай ижил юм. Тэгэхээр Орос нь илүү юм.
Завхарсын:
Оросын ард түмэн харанхуй бүдүүлэг ганц олигтой машин үйлдвэрлэж чадахгүй байхад сансар энээ тэрээ дэмий юм оросын ард түмэнд уг нь ямарч хэрэггүй эд
2021-10-19