Сингапур вакцин тариулсан хүмүүст хилээ нээлээ
2021-10-19

Сингапурын эрх баригчид Европын зарим орон болон Канад, АНУ-аас ирэх вакцинд хамрагдсан жуулчдад зориулсан хилийн хонгилыг 10 дугаар сарын 19-ний өдрөөс нээлээ. Цар тахал эхэлснээс хойш анх удаа ийм өргөн цар хүрээнд жуулчдыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь энэ юм. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Их Британи, Дани, Итали, Канад, Нидерланд, АНУ, Францын иргэд ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцины хоёр тунд хамрагдсан бол Сингапурын хилийн дээсийг алхаж болох гэнэ. Мөн вакцины цахим гэрчилгээг л үндэслэн нэвтрүүлнэ гэдгээ Сингапурын эрх баригчид анхааруулжээ.

 

Түүнчлэн Сингапур руу нэвтрэх жуулчид нь дээр нэр дурьдсан орнуудын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр долоо хоног тасралтгүй оршин суусан байх шаардлагатай гэнэ. Мөн гадаадын иргэд Сингапурт аялах хугацаандаа коронавирусийн халдвар авч болзошгүй тохиолдолд шаардагдах эмнэлгийн даатгалтай байх ёстой аж. 

 

Эргэн сануулахад, Сингапур өнгөрсөн оны гуравдугаар сард хилээ бараг бүрэн хаасан юм. Хожим нь зарим орнуудад хязгаарлалтаа сулруулсан бөгөөд одоо гагцхүү Хятад, Хонконг, Макао, Тайваниас л Сингапурыг зорих боломжтой байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин