Д.Отгонжаргал: Монголын чөлөөт бөхийн "нэрийн хуудас" болохыг хүсдэг
2021-10-20

 

Норвеги улсын нийслэл Осло хотод чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 2-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан. “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан. Эмэгтэй баг гуравдугаар байранд шалгарч Хүрэл цомын эзэн болсон юм. Монголын чөлөөт бөхийн түүхийн хуудсанд нэгэн шинэ амжилтын эзэн болсон ДАШТ-ны хүрэл медальт Д.Отгонжаргалтай ярилцлаа. Тэрбээр, Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болсон бахдам амжилтын эзэн болсон билээ.

 

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ сайхан болж дууслаа. Тэр тусмаа таны хүрэл медалийн төлөөх барилдаан сэтгэл догдлуулам гайхалтай болсон. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Маш сайхан байсан. Өөрөөр бахархсан./инээв/ Найман жилийн хичээл зүтгэлийн минь үр дүн. Одоо байгаагаасаа бүр ч илүү хичээх ёстой юм шиг санагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаан монголын цагаар шөнийн 03.00 цагт болсон юм. Гэр бүлийнхэн маань цугларч, миний цамцны захыг мушгиад л үзсэн гэсэн. Дэвжээнээс буугаад  ээж рүүгээ залгаад “Хүрэл медаль авлаа” гээд чамлангуй ярьж, уйлах гэтэл ээж маань “Мундаг байна. Хэрэв ямар ч медаль аваагүй байсан бол яах байсан юм. Дараа дараагийн тэмцээндээ сайн оролцоорой” гэж хэлсэн. Миний хувьд сорилго тэмцээнд түрүүлж, “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-нд барилдах эрхээ авсан.

 

Та эхний хоёр барилдаандаа өрсөлдөгчөө цэвэр ялсан. Шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга,  бүх Японы аварга Ремиха Ёшимототой барилдаж  ялагдсан. Ингээд маргааш нь дагаж барилдсан?

 

-Японы бөхийг ялна гэж бодож байлаа. Сэтгэлзүйгээ ч сайн бэлдсэн. Гэтэл тактикийн алдаа гаргаж ялагдсан. Харамсмаар. Гэхдээ бид чинь өнгөрсөнд болсон ялалт, ялагдлыг мартаад дараагийн барилдаандаа л анхаардаг. Дагаж барилдахын өмнөх орой барилдааны тактик, сэтгэлзүйгээ бэлтгэсэн.

 

Гэрэл зургийг "Д.Отгонжаргал" цахим хаягнаас ашиглав.

 

Дэвжээн дээр гарахаас өмнө багш нар нь юу гэж зөвлөсөн бэ?

 

-Бие халаалтаа хийж байхад багш маань “Том барьцанд орж болохгүй. Өөрөө ажиллах хэрэгтэй. Яаралгүй тайван барилдаарай гэж захисан.

 

Хаана төрж өссөн бэ? Эцэг эхийнхээ тухай яриач?

 

-Манайх ам бүл есүүлээ. Долоон хүүхэдтэй айл. Би гурван эгч, нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. Ээж маань Завхан аймгийн уугуул хүн. Харин аав маань Налайхынх. Ээжийг маань Д.Долгоржав, аавыг минь А.Ганбаатар гэдэг.  

 

Ямар сургууль төгссөн бэ?

 

-Сэтгэмж цогцолбор сургуулийг 2020 онд төгссөн. Одоо “Идэр” их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг.

 

Яагаад Чөлөөт бөхөөр хичээллэх болов?

 

-Тухайн үед би 12 настай байлаа. Анх үеэл ах маань  ээж, аав хоёрт “Отгонжаргалыг чөлөөт бөхөөр барилдуулбал ямар вэ” гэж хэлсэн. Ингээд гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад чөлөөт бөхөөр хичээллэхээр шийдсэн юм. ОУХМ Э.Даваачимэг эгчийн зөвлөснөөр ээж маань намайг дагуулаад Спортын төв ордонд Т.Сүхбаатар багш дээр очсон.

 

Чөлөөт бөхийн охидын академид дүүтэйгээ хамт бэлтгэл хийдэг байсан гэсэн. Дүү нь одоо барилддаг уу?

 

-Зун дүүтэйгээ хамт бэлтгэл хийдэг байсан юм. Өглөө бэлтгэлдээ явах гэхээр дүү маань хамт явах гээд босоод зогсчихдог байсан. Хэрвээ би дагуулж явахгүй бол уйлчихдаг./инээв/ Дүү маань чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой ч барилдаж байгаад нуруугаа гэмтээчихсэн юм. Бэртлийн улмаас одоо барилдахгүй байгаа.

 

Та 2018 оны өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан?

 

-Тиймээ. Тухайн үед медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан. Илүү хөдөлгөөн хийлгүй нягт барилдахыг хичээсэн шүү./инээв/ Алтан медалийн төлөө Японы бөхтэй барилдсан. Харамсалтай нь 6:3-р ялагдаж, мөнгөн медаль авсан.

 

Хөл хорионы үеэр бэлтгэлээ хэрхэн хийж байв?

 

-Би шигшээ багт байдаггүй болохоор төлөвлөгөөт бэлтгэлд гардаггүй. Тиймээс хувиараа бэлтгэлээ хийдэг. Эхний хөл хорионы үед гэртээ бэлтгэл хийсэн. Хоёр болон гурав дахь хөл хорионы үед Улиастайд бэлтгэл хийсэн. Ер нь Буянт-Ухаад бэлтгэлээ хийдэг юм. Анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн цагаас эхлээд л найман жилийн хугацаанд Баянхошуунаас Буянт-Ухаа руу явж бэлтгэлээ хийж байгаа. Хааяа шантрах үе гардаг. Өвлийн хүйтэнд бэлтгэлдээ явах гээд автобус хүлээж байхдаа даарна, уйлна. Хэрэв автобус ирэхгүй удвал алхахаас өөр арга байхгүй. Гэхдээ би спортод дуртай. Бэлтгэлээ хийхгүй л бол нойр хүрдэггүй.

 

Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр эх орондоо ирсэн. Цагийн зөрүү гараагүй байгаа болохоор бага зэрэг ядарч байна.  Хагас сайн өдрөөс эхлэн бэлтгэлдээ орсон. Өдөр бүр тогтмол хоёр цагийг бэлтгэлдээ зориулдаг. Зарим үед нэмэлт бэлтгэл хийдэг.  

 

 

Бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

 

-Өглөө босоод хичээлдээ явдаг. Хичээлээ тараад бэлтгэлдээ явна. Ингээд бэлтгэлээ дуусгаад гэртээ харьдаг. Хичээл, бэлтгэл гээд завгүй байдаг учраас найзууддаа цаг зав гаргаж чаддаггүй. Бүтэн сайн өдөр л гэр бүлтэйгээ амардаг.

 

Тамирчин хүн бүрийн туйлын зорилго Олимп, Дэлхийн медальтан болж нэрээ данслуулах байдаг. Та эхний зорилгоо биелүүллээ. Дараагийнх нь мэдээж 2024 оны зуны олимп байх тийм үү?

 

-Олимп, Дэлхийн аварга болох мөрөөдөлтэй. Ойрын зорилго маань Ази болон Дэлхийн аварга болох юм. Мөн ирэх оны нэгдүгээр сард Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ жил улсын аварга болох зорилготой.  

 

Сүүлийн үед чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой хүн ховор байна. Олонх нь жүдо бөхөөр хичээллэхийг зорьдог болж. Монголын чөлөөт бөхийн нэрийн хуудас болсон тамирчин болох хүсэлтэй.

 

Гэрэл зургийг "Д.Отгонжаргал" цахим хаягнаас ашиглав.

 

Тамирчдын амжилтын ард дасгалжуулагч үргэлж хамт байдаг. Т.Сүхбаатар багш таны хувьд хэн бэ?

 

-Т.Сүхбаатар багш маань миний хувьд хамгийн эрхэм хүн. Хэзээ ч итгэлийг нь алдаж болохгүй. Багш маань миний гэр бүл, амьдралыг маань бүгдийг нь мэддэг. Багштайгаа маш сайн зөвлөлдөж, ярилцдаг. Мөн маш сайн найз. Дэвжээн дээр барилдахаар гарахдаа багш маань дасгалжуулагчдын буланд суухгүй бол барилдаж чадахгүй юм шиг сонин мэдрэмж төрөөд хоосон санагддаг. Багшийгаа хараад зоригтой, итгэлтэй болдог. Дэвжээн дээр гараад сандардаг ч айдаггүй.

 

Уншигчдад хандаж хэлбэл?

 

-Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай. Аливаа зүйлд дасан хурдан дасан зохицож, тэвчээртэй болдог. Тиймээс тууштай байгаарай гэж хэлмээр байна. Ингэж чадвал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртдэг шүү.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Alt avaagivui bol demii!!!
2021-10-20
Зочин:
Манай энэ дасгалжуулагчид ингэж тамирчнаа өргөж байгаа нь үнэн бүдүүлэг дээрээсээ долигоносон олзноос нь хуваалцах гэж ядсан өрөвдөлтэй маш муухай харагдах юмаа.япончууд шиг ухаалаг даруу байж болдоггүы юм уу. Бүүр ядаж алт авсан бол...
2021-10-20