Сонгогчдодоо гологдсон намууд
2021-10-20

Толгойтой бүхэн нам шүтэж амьдардаг байсан цаг ард үлдсэн. Намын улаан, цэнхэр, ягаан үнэмлэх байсан байгаагүй, амьдрал үргэлжилж, ажил явна. Үүнийг өнгөрсөн өдрүүдэд явагдсан нөхөн сонгууль улс төрийн намуудад ойлгууллаа. Улсын баатраасаа эхлээд экс Ерөнхийлөгчийн хүү нэр дэвшсэн нөхөн сонгуулийн санал хураалт хоёронтоо явагдаад ч ирцэндээ хүрсэнгүй. Эцэст нь хуулийн хүчин хийж, хоёр хүнийг УИХ-ын гишүүн болгосноор парламент 76-уулаа болон бүрдлээ. Иргэдийн ирц, идэвхээр бол энэ сонгууль хүчингүй. Иргэд санал өгөхгүй эс үйлдлээрээ улс төрийн намууд, улстөрчдөд дүн тавьж, сануулга өглөө.

 

 

Нэгэн цагт МАН-аас нэр дэвшсэн нохой ч УИХ-д гарахаар байна гэж тоглоом тохуу хийдэг байлаа. Харин одоо бол МАН, АН, ХҮН-ын гэсэн тодотголтой хэнгуай ч байсан хамраараа газар хатгаж болзошгүйг харууллаа.

 

Үүнийг ХҮН-ын дарга Т.Доржханд “Монголын ардчилал аюулд орлоо, иргэд ардчилсан сонгуулиас татгалзаж байна” хэмээн сүржин тайлбарлав. Ямар ч улсын иргэд ардчиллаас ухрахыг хүсэхгүй. Харин улс төрийн намуудаас бол татгалзаж чадна. Тэр нь 100 жилийн намтартай, 5 жилийн түүхтэй байсан ч хамаагүй.   

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “...Сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж байна.

 

...Ирц, идэвх муу байсан нь сонгогчдын буруу биш, улс төрийн намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр гэж үзэж улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа” гэж цахим хуудсанаа бичжээ. Эрх баригч байлаа гээд бүхнийг эрдэж бярдаж болохгүй, сонголтыг зөвхөн сонгогчид хийдгийг ухаарсан нь энэ.

 

Одоо бол сонгогчдыг “хар масс” хэмээн даапаалж, иргэд бол цагаан цаас, тэнд юу ч сараачиж болно хэмээн ихэрхэх цаг биш. Сонгогчид цаашид улам хэрсүүжнэ, саналаа худалдахаа болино. Улс төрийн намууд өнөөгийн увайгүй, худал хуурмаг байдлаараа цааш явбал сонгогчдын саналыг авч чадахгүй гэсэн үг.

 

Хэдэн мянган гишүүнтэй хэмээн иргэдийн нэр барьдаг намуудад эцэст нь хэн үлдэх вэ? “Үерхэл”-дээ үнэнч хөгшчүүл, намын нэрээр ажил, албан тушаал зулгаасан төрийн албаныхан, улс төрийн албан тушаалтнууд. Өөрөөр танай, манай намын гишүүн гэж байхгүй болсон цаг. Залуус намгүй байсан ч гадаадад сурч, хөдөлмөрлөж, ажил амьдралаа залгуулаад явж байгаа.

 

Дээхнэ үед намын нэрээр сургуульд явж, намаар ажилд ордог байсан байж болно. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн, иргэд, олон нийт намаас татгалзаж, улстөржсөн бүхнээс зайгаа барьдаг болсон. Товчхондоо нам моодноос гарсан. Тэр тусмаа ямар ч хөгжил дэвшилгүй, эв нэгдэлгүй, шинэчлэлгүй намууд иргэндээ гологдож, сонгогчдодоо хаягдаж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ардчилсан нам монголчуудыг гадаадад гар гэж уруудаад хятадуудыг олноор нь оруулж ирж монгол охидуудыг хүчиндүүлж залуучууд нийтээрээ хятад болчихсон. Эцгээ мэдэхгүй биз? Хужаа байхгүй юу
2021-10-20
Улс сүйрүүлдэг намуудыг битгий сонгоод бай
2021-10-20
Тусгаар тогтнол, эдийн засаг, хувь хүний хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, геополитик, ковид бүх салбарт Монгол баян ходоод болсон
2021-10-20