“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгоход анхаарна
2021-10-19

 

Коронавирус цар тахалын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдлийг даван туулах чиглэлээр нээлтийн илтгэл тавилаа.

 

Тэрээр илтгэлдээ нийгэм болон байгалийн эрсдэл, эдийн засгийн эрсдэл гэсэн үндсэн 3 асуудал Монгол Улсад тулгамдаж буйг танилцуулаад, эдгээр эрсдлийг давах туулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа.

 

Тухайлбал, Эдийн засгийн эрсдлийг даван туулах чиглэлээр хилийн боомтуудыг өргөтгөж, “Замын-Үүд”, “Гашуунсухайт” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг өрнүүлж байна. Халдварт цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг нь олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод буй учраас 17 жилийн турш зогсонги байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Замын-Үүдийн боомтыг 2022 онд өргөтгөж шинэчилснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачаа тээврийн хүчин чадал 3 дахин, Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж эдийн засгийн эрсдлийг даван туулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг Шадар сайд С.Амарсайхан илтгэлдээ танилцууллаа.

 

 

Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудын бүх талын оролцоотойгоор эрсдлийг даван туулах боломжтой бий гэдгийг тэрээр энэ үеэр онцолсон. Монгол Улсын Засгийн газраас “10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Үүний тулд эрсдлийг "Даван туулах, дасан зохицох стратeги"-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримтлан ажиллаж буйг Шадар сайд илтгэлдээ дурдав.

 

Энэ удаагийн форум “Ковид ба эдийн засаг, ковид ба бизнес” гэсэн үндсэн хоёр чиглэлээр илтгэлүүд тавигдаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл 

Shuud.mn
Сонин хачин
Юу ч гэмээр юм бэ дээ? Уг нь ТӨР -д маш том чухал алба байдаг юм. Түүнийг нь ойлгож хүлээж авч сонсох албан тушаалтан алга! Хил хаагдлаа тэр нөхдийг дуудлаа арга зам нь нээгдлээ хил нээгдлээ гүйцээ?
2021-10-20
дандаа худлаа сүжигнэх:
хэлуун намраар л Замыэ-Үүдийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулснаа шадар сайд сүр дуулийнтай нээсэн биздээ.
2021-10-19