Эрдэмтэн: Ковидоос сэргийлэхийн тулд хагас жил тутамд вакцин тариулах шаардлагатай
2021-10-20

Коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн хүмүүст хөгшрөлтийн явц хурдасдаг гэх мэдээлэл олонтаа гарч байв. Энэ мэдээлэл үнэн эсэх болон вакцинтай холбоотой асуудлуудаар РГ агентлаг Оросын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, Оросын Геронтологийн шинжлэх ухаан эмнэлзүйн төвийн захирал Ольга Ткачеватай ярилцсаныг товчлон хүргэж байна. 

 

- Коронавирусийн халдварын дараах хүндрэлүүдийн нэг нь организмын хөгшрөлт хурдсах явдал гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

 

- Ийм таамаглал бий. Хөгшрөлт бол нарийн явц. Судалгаанаас харахад халдварын үүсгэгчид бие организмд удаан хугацаанд системт үрэвслийн төвшин хадгалагдах нөхцлийг үүсгэдэг. Энэ үрэвсэл нь янз бүрийн эд эрхтэн, тогтолцооны ажиллагааг алдагдуулдаг байна. Коронавирус бие организмд хүчтэй үрэвслийн явцыг үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон, ингэснээр хөгшрөлтийн явцыг түргэсгэхэд нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой.

 

Вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга гэж бид ярьдаг. Үнэхээр тийм, гэхдээ гагцхүү үүгээр хязгаарлагдаж болохгүй. Хүүхэд байхдаа халдварт өвчин туссан бол тухайн хүн ирээдүйд хөгшрөлтийн явц нь хурдасч болзошгүй гэсэн шинжлэх ухааны баримтууд бий. Тухайлбал, бага насандаа сахуу туссан бол Альцгеймер өвчин тусах эрсдэл нэмэгддэг. 

 

Тиймээс халдвараас насан туршдаа хамгаалах нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Жишээлбэл, урт наслалтаараа алдартай Япон улс байна. Энэ улсад хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг ягштал баримталж, халдвараас өөрсдийгөө хамгаалдаг. Чухамхүү энэ зан үйл нь япончуудын урт наслалтын шалтгаануудын нэг гэж олон мэргэжилтэн үздэг юм.

 

- Ахмад настнууд вакцин тариулахаас эмээдэг. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ? 

- Вакцинжуулалт гэж юу болохыг энгийн үгээр тайлбарлахыг хичээе. Дархлаажуулалт бол дархлааны системд зориулсан "бэлтгэлийн танхим" юм.

 

Вакциныг биед тарьснаар бид дархлааны системээ коронавирустэй танилцуулж, вирусд ямар хариу өгөхийг дархлааны системдээ зааж өгч байгаа юм. Ингээд вирустэй нүүр тулах үедээ дархлааны систем "дайсан"-ыг таниж, түүнтэй тэмцдэг. 

 

Дархлааг ийнхүү бэлтгэх нь ялангуяа ахмад настнуудад нэн чухал. Учир нь нас ахихын хэрээр дархлааны систем ч хөгширч, халдвар үүсгэгчид биед орж ирэхэд түүнийг таниж, тэмцэх дархлааны эдүүд цөөрдөг юм. Нас нэмэгдэхийн хэрээр дархлаа буурсан байх бөгөөд шинэ вирустэй нүүр тулахад хангалттай хэмжээний хариу өгч чаддаггүй. 

 

- Зүрхний шигдээс өвчин тусаад эдгэрсний дараа мөн Паркинсон, Альцгеймерийн өвчинтэй хүмүүс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж болох уу? 

- Архаг хууч өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин нь вакцин тариулахад эсрэг заалт болохгүй.

Гагцхүү халдварт өвчний хурц үе эсвэр архаг хууч өвчин сэдэрч, хүндэвтэр байгаа үед л вакцин тариулахаа хойшлуулж болно. Халдварт өвчин туссан үед эдгэрэхээ хүлээж, эдгэрснээс 14 хоногийн дараа вакцин тариулж болно. Харин архаг хууч өвчин сэдэрсэн үед мөн л эмчилгээ хийлгэж, тогтвортой үед хүрсний дараа вакцин хийлгэж болох юм. 

Зүрхний шигдээс тусаад эдгэрсний дараа вакцин тариулах нь нэн чухал. Учир нь коронавирусийн халдвар цус өтгөрөх, зүрх судасны эмгэгүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдэг нь хэдийнэ тодорхой болсон шүү дээ. 

-Вакцин тариулсны дараа коронавирусийг эсэргүүцэх эсрэг биет өндөр байвал дахин нэмэлт вакцинд хамрагдах шаардлагатай юу? 


- Коронавирусийн тархалт үргэлжилсээр байгаа үед нэмэлт дархлаажуулалт нэн шаардлагатай, тэр дундаа хагас жилд нэг удаа вакцин тариулах ёстой. Эсрэг биетийн төвшний тухайд гэвэл вакцин тариулахын өмнө эсрэг биетээ шалгуулах ямар ч шаардлагагүй. Танд эсрэг биет өндөр байлаа ч вакцин тариулахад ямар ч аюулгүй. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин