Хятадад нүүрсний үнэ дахин дээд үзүүлэлт тогтоов
2021-10-20

Мягмар гарагт Хятад дахь нүүрсний үнэ дахин дээд амжилт тогтоосон талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 19-ний мягмар гарагт Жэнжоу түүхий эдийн бирж дээр зах зээл хаагдах үед эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ нэг тонн нь 1835,6 юань хүрсэн нь өмнөх өдрийн арилжаанаас 0,4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Эрчим хүчний нүүрсний үнэ ийнхүү долоо дахь удаагаа нэмэгдэж байгаа бөгөөд есдүгээр сар гарснаас хойш үнэ нь гуравны нэгээр нэмэгджээ. 

 

Нүүрсний үнэ өсөхөд эрчим хүчний хямрал нүүрлэсэн Хятадын зарим мужуудад эрс хүйтэрсэн нь нөлөөлсөн аж. Хятадын дорнод мужуудад цаг агаар хүйтэрсний улмаас энэ онд халаалтын улирлыг эрт эхлүүлэх шаардлагатай болж улмаар нүүрсний эрэлтийг нэмэгдүүлжээ.

 

"Нүүрсний үнэ цаашид ч өснө. Учир нь Хятадад халаалтын улирал эхлэх дөхөж байна, харин нүүрсний нөөц хангалтгүй байгаа" хэмээн Daiwa Capital Markets-ийн шинжээч  Деннис Ип өгүүлсэн байна.

 

Хятадын эрх баригчид орон нутгийн нүүрсний уурхайнуудыг нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийг үүрэг болгосон бөгөөд халаалтад зориулж хангалттай хэмжээний нөөцтэй байхын тулд эрчим хүч ихээр хэрэглэдэг байгууллагуудад эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлалттайгаар хийх бодлогоо цаашид ч баримтлахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин