COVID-19: ОХУ шинэ хязгаарлалт тогтоож, ажлын бус өдрүүдийг зарлана
2021-10-20

ОХУ-д сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол болон энэ өвчнөөс үүдэлтэй нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаа тул халдварын нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

 

Тэр дундаа, ажлын бус өдрүүдийг зарлах саналыг ОХУ-ын дэд сайд Татьяна Голикова гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. Тодруулбал, 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал ажлын бус өдрүүдийг зарлах санал гаргасан байна. Энэ санал болон коронавирусийн тархалтыг хумихад чиглэгдсэн бусад арга хэмжээнүүдийг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин дэмжжээ. 

 

Өмнө нь, энэ оны тавдугаар сарын 1-10-ны өдрүүдэд ОХУ даяар ажлын бус өдрүүдийг зарлаж байсан бөгөөд энэ арга хэмжээ зохих үр дүнгээ өгч байсан гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж. Тиймээс энэ удаад энэ аргыг ашиглаж, нөхцөл байдал хүнд байгаа зарим бүс нутгуудад энэ бямба гарагаас буюу 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын бус өдрүүдийг зарлахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Түүнчлэн вакцин тариулсан болон өвчин тусаад эдгэрснийг батлах QR кодын хэрэглээг нэмэгдүүлэхээр зэхэж байгаа аж. Мөн вакцин тариулаагүй ахмад настнуудыг өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөх, ажиллаж буй ахмад настнуудыг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг ч төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй 60-аас дээш насны ажилтнуудыг хамгийн багадаа дөрвөн долоо хоногийн туршид зайнаас ажиллуулахыг зөвлөжээ. Энэ хугацаанд ахмад настнууд вакцинд хамрагдах боломжтой болно гэж Оросын эрх баригчид үзжээ.

 

Энд дуулгахад, сүүлийн үед Орост халдварын тохиолдлууд өдөрт 30 гаруй мянгаар нэмэгдэж, хүнд өвдсөн хүмүүсийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгааг Оросын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 7,9 сая хүн коронавирусийн халдвар тусч, 220 мянган хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин