Вакцин тариулаагүй эмнэлгийн ажилтнууд ажлаасаа чөлөөлөгджээ
2021-10-20

Италид 1340 эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдахаас татгалзсаны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн талаар тус улсын эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Олон нийтийг хамарсан дархлаажуулалт нь үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр явагдаж байсан бол эмнэлгийн ажилтнууд зайлшгүй вакцин тариулах ёстой, вакцинд хамрагдаагүй тохиолдолд тэднийг ажлаас нь чөлөөлнө гэж анхааруулж байлаа. Ингээд вакцин тариулах эсвэл тариулахгүй байх үндэслэлээ баталгаажуулахад нь эмнэлгийн ажилтнуудад тодорхой хугацаа зааж өгч байв. Улмаар заасан хугацаанд энэ шаардлагыг биелүүлээгүй эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Италид 2021 оны нэгдүгээр сард нэн тэргүүнд эмч, ахмад настан, ахмадын асрах байрны ажилтнуудыг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн юм. Дархлаажуулалтад хамруулахдаа иргэдийг насаар нь ангилж, нэн тэргүүнд ахмад настнуудыг дархлаажуулж байгаад энэ журмаа 2021 оны зургадугаар сард цуцалж байв.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин