З.Мэндсайхан: Будаа, элсэн чихрийн 20-42 хоногийн нөөцтэй байна
2021-10-20

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарснаас үүдэн боомт хаагдаж, манай улсын импорт зогсоод байна. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнэ ханшийг тогтвортой байлгах талаар холбогдох албаныханд үүрэг өгчээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

 

 

Тус ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, Шадар сайд С.Амарсайхан ахлахаар болсон байна. Ажлын хэсэг хүнсний нөөцийг хэвийн болгох, хадгалалтын хугацаатай богинотой бүтээгдэхүүнийг яаралтай татан авах ажлыг зохион байгуулах аж.

 

Өнгөрсөн онд бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Үүнээс үүдэн 2020 оны 04 дүгээр сараас эхлэн энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өсчээ. Гэвч 06 дугаар сараас эхлэн олон улсын тээвэр саатсантай холбоотойгоор захиалсан бараа бүтээгдэхүүн хилийн гадна гацаад байна. Жишээлбэл, 90 вагон цагаан будаа захиалсан ч авч чадахгүй байна. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг яаралтай татан авах, тээврийн зохицуулалтыг хийх аж.

 

Манай улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, будаа, ургамлын тос, элсэн чихрийн 20-42 хоногийн нөөцтэй байна. Харин Эрээний нөхцөл байдлаас үүдэн нарийн ногоо тасрах эрсдэл тулгарч байгааг З.Мэндсайхан сайд хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин