Газрын гэрчилгээгээ авахад ганцхан минут шаардлагатай
2021-10-20

Газрын харилцааны шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, очер дарааллыг бууруулах, шат дамжлагыг багасгах зорилгоор egazar.gov.mn цахим системийг нээгээд байна. Ингэснээр энэ сарын 01-нээс эхлэн иргэн, ААН, байгууллага газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа цахим системээс үнэ төлбөргүй хэвлэн авдаг болов.

 

Цахим систем ажиллаж эхэлснээс хойш 15 хоногийн хугацаанд 2983 иргэн, ААН, байгууллага газрын гэрээ, гэрчилгээгээ үнэ төлбөргүй хэвлэн авсан байна. Өөрсдөө цахимаар хэвлэн авснаар иргэн, байгууллага 58.5 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Өмнө нь газрын гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг байсан бол одоо цахимаар хэвлэж авснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болсныг Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр мэдээллээ.

 

 

Тэрбээр “Манай байгууллага жил дундажаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Одоо энэ мөнгө иргэдийн дансанд үлдэх боломж бүрдсэн”-ийг тодотголоо.

 

Үүнээс гадна газрын дуудлага худалдаанд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг ил тод гаргадаг болсон байна. Мөн цахим системд төрийн байгууллага болон компанийн газрын мэдээллийг нээлттэй болгожээ.

 

Газрын цахим систем нээгдсэнээр гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд зурагддаг байсан 10 хүний гарын үсэг шаардлагагүй болжээ. Мөн газрын гэрээ, гэрчилгээгээ авахаар иргэд 30-60 хоног очерлодог байсан одоо ганцхан минут зарцуулан цахим системээс хэвлэн авдаг болсон байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хангал:
тамга тэмдэггүй хэвлэсэн цаас юунд хэрэгтэйг хэлж өгөөч, их ажил хийсэн дүр эсгэх юмаа
2021-10-20
Иргэн:
Тэгээд тамга тэмдэггүй тэр хэвлэмэл цаасыг ямар баримт бичиг гэх юм бэ.
2021-10-20