GT: Монголоос нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж байна
2021-10-21

Өвөр Монголд коронавирусийн шинэ тохиолдлууд нэмэгдэж байгаа нь зарим боомтуудын үйл ажиллагааг тасалдуулж, улмаар нүүрсний томоохон нийлүүлэгч болох Монголоос Хятад руу чиглэх нүүрсний импортод нөлөөлж байгаа талаар Хятадын өдөр тутмын Global Times сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нүүрс нийлүүлэлтийн асуудал ихээхэн санаа зовоож байгаа ч хомстол, үнийн өсөлтийг шийдвэрлэхээр албаны этгээдүүд ажиллаж, үр дүн гарч байгаа гэнэ. Тухайлбал, Хятад, Монголын талууд нүүрсний худалдааны хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Хятад руу Монголоос нийлүүлэх нүүрсийг 50 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа талаар Хятад дахь Монголын Элчин сайд Т.Бадрал Global Times сонинд мэдээлсэн байна. 

 

Global Times сонины мэдээлснээр, Өвөр Монголын гурав дахь том боомт, Монголоос нүүрс импортолдог том цэг болох Сэхээ боомтыг лхагва гарагт хаасан байна. Монголтой хиллэдэг Өвөр Монголын Эзнээ хошуунд мягмар гарагт коронавирусийн халдварын таван тохиолдол бүртгэгдсэний улмаас ийнхүү Сэхээ боомтыг хаасан гэж Хятадын эх сурвалж мэдээлжээ. 

 

Shuud.mn-ий редакци энэ талаар Монголын Хил хамгаалах ерөнхий газраас  тодруулахад "Мягмар, лхагва гарагт Сэхээ-Шивээхүрэн боомт хаахаар болсон. Энэ бол түр зуурын шийдвэр. Удахгүй боомтын ажиллагаа хэвийн болж, нүүрсний тээвэрлэлт сэргэнэ" хэмээн  мэдээлсэн юм. 

 

 

Эзнээ хошуунд гарсан халдварын тохиолдлуудын улмаас лхагва гарагт Сэхээ боомтод бүхий л ачаа, хүн тээвэрлэлтийг зогсоосон гэж нэрээ нууцалсан эх сурвалж Global Times сонинд мэдээлжээ.

 

Сэхээ боомт нь Эзнээ хошууг өөртөө багтаасан Алшаа аймгийн цорын ганц олон улсын худалдааны суваг бөгөөд Монголоос нүүрс импортлох гол боомт юм. Өнгөрсөн онд энэ боомтоор 10,68 сая тонн орчим нүүрс импортолжээ. 

 

Global Times сонины мэдээлснээр, нүүрс импортын өөр нэгэн том боомт болох Ганц модны боомт нүүрсний автотээврийг үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, одоогоор хэвийн байдалтай ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн өдрүүдэд энэ боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, цаашлаад Монголын талд хуримтлагдсан 8,37 сая тонн нүүрсний нөөцийг 2022 оны хоёрдугаар сар гэхэд Хятад руу тээвэрлэхийн тулд өдөрт ойролцоогоор 600 машин гарна гэж Хятадын эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эрээн хотод гарсан халдварын тохиолдлуудын улмаас боомт хаагдаж, автомашины тээвэр бүрэн зогссон ч төмөр замын тээвэр хэвийн үргэлжилж, нүүрс, төмрийн хүдэр, модны нийлүүлэлт тасалдалгүй явж байгааг эх сурвалж онцолжээ. Мөн хоёр талын нягт хамтын ажиллагаа, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын дүнд түр зуурын тасалдлаас үл хамааран Монголоос нийлүүлэх нүүрсний импорт цаашид нэмэгдэнэ гэж албаны этгээдүүд Global Times сонинд мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, Хятад улс Индонез, Австрали, Орос гэсэн бусад томоохон нийлүүлэгчдээс нүүрс импортолж байгаа бөгөөд харин Монгол Улс энэ онд Хятадын коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болжээ. GT сонины мэдээлснээр, Монголоос ирэх нүүрсний импорт 2020 онд хятадын нийт нүүрсний импортын 10,5 хувийг эзлэсний дээр сүүлийн өдрүүдэд Хятадад нүүрсний эрэлт эрс нэмэгдсэн үед хөрш орон хэрэгцээг хангахад тусалж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин