Коронавирусийг томуугаас вирусийн шинжилгээгээр ялгана
2021-10-21

 

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.Томуу томуу төст өвчний талаар НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

 

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл ямар байна вэ?

 

-Томуу томуу төст өвчин нь улирлын чанартай. Өөрөөр хэлбэл, хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд амьсгалын замын өвчлөл үүсгэдэг үечлэл бий. Томуугийн өвчлөлийн төрлүүдийн талаар тандалт судалгаа хийдэг. Тодруулбал,

 

  • Нийслэлийн хүн амын дундах амбулаторийн үзлэгийн хэдэн хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна вэ

  • Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын дуудлагаас томуу томуу төст өвчний дуудлага хэдэн хувийг нь эзэлж байна.

 

Томуу төст өвчин олон төрлийн вирусээс үүсгэгддэг. Тиймээс ямар вирусээс үүсгэгдэж байгаа гэдгийг лабораторийн тандалт судалгаагаар тогтоодог. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хувьд амбулаторийн 77227 үзлэг хийгдсэн. Үүнээс томуу томуу төст өвчтэй 1532 тохиолдол буюу хоёр хувь нь оношлогджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн.Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт үзлэгийн дотор

 

  • 29.8 хувийг 0-1 насны хүүхэд

  • 20.1 хувийг 2-4 насны хүүхэд

  • 16.1 хувийг 5-9 насны хүүхэд

  • 9.8 хувийг 10-15 насны хүүхдүүд тус тус эзэлж байна. Үүнээс харвал томуу томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 80 хувийг  0-15 насны хүүхдүүд эзэлж байгаа.

 

Хүүхдийн түргэн тусламжийн 633 дуудлага ирсэнээс 31.9 хувь нь томуу томуу төст өвчний дуудлага эзэлж байна.

 

Өмнөх долоо хоногт лабораторид 27 сорьцод вирус судлалын шинжилгээ хийлээ. Үүнээс 11 сорьцод буюу 40.7 хувьд нь реновирус илэрсэн. Харин хоёр сорьц буюу 7.4 хувьд нь аденовирус илэрсэн. Одоогийн байдлаар томуугийн вирус эргэлтэд ороогүй байна.

 

Томуу томуу төст өвчнийг коронавирусийн халдвараас хэрхэн ялгах вэ?

 

-Коронавирус болон томуу томуу төст өвчний вирус нь амьсгалын замын өвчлөл үүсгэдэг. Вирус дамжих зам болон шинж тэмдгийн хувьд төстэй байна. Халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд нь аль аль нь уушгины хатгалгаа үүсгэдэг.

 

Коронавирус болон томуу томуу төст өвчнийг вирус судлалын шинжилгээгээр ялгана. Өөрөөр хэлбэл, лаборатороор коронавирус эсвэл томуу томуу төст өвчний вирус илэрч байгаа эсэхийг ялгадаг. Мөн халдвар судлалын асуумжаар ялгана. Ямар нэгэн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон эсэхийг нь тандан судална.

 

Нийслэлийн хэмжээнд орны хүрэлцээ ямар байна вэ?

 

-Коронавирус цар тахлын энэ үед томуу томуу төст өвчин нэмэгдвэл эмчилгээний ор асуудалтай. Нийслэлийн хэмжээнд томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Нийслэлийн Засаг даргын захирамж бий. Коронавирусээс гадна томуу томуу төст өвчний эсрэг төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Захирамжинд тусгасан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохицуулж ажиллана.

 

Томуугийн вакцинд эсрэг заалт бий юу?

 

-Эсрэг заалт бий. Өмнө нь вакцин хийлгэхэд харшлын урвал өгсөн, архаг бөөр болон элэгний дутагдалтай, хурц халдвартай хүнд хориглоно. Хүн бүр вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орох шаардлагатай.  

 

Коронавирусийн бүрэн тунд хамрагдсан халдвараар өвчилсөн бол томуу томуу төст өвчний вакцин хийлгэж болох уу?

 

-Болно. Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд нэг сарын дараагаас томуу томуу төст өвчний вакцин хийлгэж болно.

 

Томуу томуу төст өвчний вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?

 

-Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалж вакцин хийлгэснээс хойш 14-30 хоногийн хугацаанд дархлаа тогтоно. Томуугийн вакцин нэг жилийн дархлаа тогтоодог. Томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр болон халдвар судлалын заалтаар хийж байгаа. Халдвар судлалын заалт гэдэг нь өвчлөл их гардаг орон нутаг эсвэл эрсдэлтэй хүүхдүүдэд эцэг эхчүүдээс нь зөвшөөрөл аваад хийж байгаа.

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин