Ээжид ч, хүүхдэд ч аврал болдог Бейби бокс гэж юу вэ
2021-10-21

Эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдээсээ татгалзаж хаях нь хаа сайгүй, олон зууны туршид байсаар ирсэн харамсалтай үйлдэл. Амьдралын гачигдал, гэнэтийн цочирдол, хүчирхийллийн золиос болсон гээд төрүүлсэн үрээ хаяхаас аргагүй байдалд хүргэдэг олон хүчин зүйл бий. Гэлээ гээд амьд хүнийг үхэл рүү түлхэж, хаа сайгүй хог мэт хаях нь мэдээж уучилж болшгүй алдаа. Хөсөр хаягдсан үрийг амьд үлдээх боломж бий. Үүний нэг нь "бейби-бокс" буюу нярай хүүхдийг үлдээх тусгай хайрцаг. Энэ аргаар дэлхийн олон орон жил бүр олон нярайг аварсаар олон зууныг үджээ.

 

Бейби бокс гэж юу вэ?

 

Бейби бокс буюу "амьдралын цонх" нь хүүхдээсээ татгалзаж, улсын байгууллагын асрамжинд үлдээхээр хүүхдээ орхиход зориулсан тусгай тоноглогдсон газар юм. Ийм цонхыг олон улсад  улсын болон хувийн эмнэлгүүд, шашны байгууллагуудын дэргэд байгуулсан байх нь олонтаа. 

 

Бейби бокс янз бүрийн бүтэцтэй байж болох ч ажиллах зарчим нь нэг л ижил байдаг. Хүүхэд орхиж буй хүнийг нууцлахын тулд цонх, ажиглалтын камергүй газарт бейби боксыг байрлуулна. Ингэснээр "амьдралын цонх"-д хүүхдээ орхиж буй хүнийг таньж мэдэх аргагүй бөгөөд түүнийг аливаа хариуцлагаас чөлөөлдөг аж. Мөн хүнд нөхцөлд орсон залуу ээж хаанаас тусламж авч болох талаарх мэдээллийн хуудас зайлшгүй байх ёстой.

 

Бейби боксыг хааснаас хэсэг хугацааны дараа, ихэвчлэн 30 секундийн дараа хүүхэд хийсэн хайрцагны хаалга цоожлогдон, гаднаасаа онгойх боломжгүй болдог аж. Ингээд хайрцагт хүүхэд үлдээсэн талаарх мэдээллийг цааш дамжуулна. Зарим улсад энэ төслийг удирдан хэрэгжүүлж буй байгууллагын удирдлагуудад гар утсанд нь мессеж ирдэг гэнэ.

 

Дохиолол ирсний дараа мэргэжилтнүүд хайрцаг руу очин, хүүхдэд эмчийн үзлэг хийн, дараа нь цагдаагийн төлөөлөгчид ирж хүүхэд олдсоныг бүртгэдэг байна. Ингээд дараа нь хүүхдийг асрамжийн газарт шилжүүлнэ. 

 

Түүх


Энэ хайрцаг дундад зуунд ихээхэн тархсан байсан бөгөөд XVIII, XIX зуунд ч ашиглагдаж байжээ. Харин XIX зууны сүүлээр энэ системийг татан буулгаж, харин 1952 оноос дахин ашиглах болжээ. 2000 оноос эхлэн энэ төсөл дэлхийн олон оронд хэрэгжсэн бөгөөд тэр дундаа Герман улсад ихээхэн тархсан байна. Одоогоор Германд 100 орчим ийм хайрцаг байдаг бол Пакистанд 300 хайрцаг байдаг гэнэ.

 

Хүүхэд үлдээх хайрцгийг хамгийн анх Италид 1198 онд бүтээжээ. Ромын пап III Иннокентий эхчүүд хүүхдүүдээ хөнөөхийн оронд нэр, нүрээ нууцлан хүүхдээ үлдээж болох газруудыг асрамжийн газрын хажууд байгуулах ёстой гэж үзэж байсан гэдэг. Хүүхдүүдийг үлдээх хэсэг нь барилгын гадна хананд суурилуулсан цилиндр төхөөрөмж байжээ. Цилиндрт хүүхдийг хиймэгц цилиндр эргэж, хүүхдийг сүм рүү оруулах бөгөөд үүний дараа хонх дугардаг байжээ. 

 

Германд 1709 онд ийм хайрцаг бүтээсэн ч тун удалгүй, 1712 онд хаасан байна. Учир нь хайрцганд үлдээх хүүхдүүд маш их болж, улмаар асрамжийн газар ачааллаа дийлэхээ больсон гэнэ. Мөн Франц, Португали, Бразил, Их Британи, Ирланд зэрэг орнуудад ч дундад зуунд хүүхдийн хайрцгийг ашигладаг байсан аж. 

 

Орчин үеийн хамгийн анхны бейби боксыг Германы Алтонд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-нд бүтээжээ. Энэ хайрцгийг орчин цагт шинээр бүтээхийг тухайн үеийн нөхцөл байдал шаардаж байв. 1999 онд хөсөр хаягдсан хүүхдүүд амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарсны дараа ийнхүү хүүхдийн амь насыг аврах бейби боксыг байрлуулсан байна. 2010 оны байдлаар Хамбург хотод "Олдсон хүүхэд" нэртэй бейби боксд 38 хүүхэд орхисноос 14 хүүхдийг хожим нь ээжд нь эргүүлэн өгчээ.

 

Бейби бокс ашиглах зорилго 

Эрт дээр цагт гэр бүлээс гадуур төрсөн хүүхдийг орхих зорилгоор хайрцгийг ашигладаг байжээ. Харин өнөө цагт олон гачигдал, бэрхшээлийн улмаас хүүхдээ өсгөж чадахгүй, мөн өөрийгөө нууцлахыг хүссэн эмэгтэйчүүдэд туслах зорилгоор хүүхэд үлдээх хайрцгийг ажиллуулах болсон байна. 

 

Энэтхэг болон Пакистан улсад эмэгтэйчүүд хүүхдээ хөнөөх явдлыг цөөлөх зорилгоор бейби бокс ажиллуулдаг байна. Энэтхэгийн Тамилнад мужид 1994 онд  анхны бейби боксыг тухайн үеийн Ерөнхий сайд Жаярам Жаялалита хүүхэд хөнөөхөөс сэргийлэхийн тулд байгуулж байжээ. Харин 2002 онд Тривандрум анагаахын коллежийн ойролцоо нярай хүүхэд хаягдсаныг золбин ноход хөнөөсний дараа "e-cradle" буюу "интерактив өлгий" гэх схем үйлчилж эхэлсэн байна. 

 

Одоогоор Австри, Герман, Энэтхэг, Их Британи, Казахстан зэрэг дэлхийн 20 гаруй оронд нярайг аврах бейби бокс ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин