Д.Ганбат: Би Ковидын яам байгуул гэж хэлсэн
2021-10-21

Г.Тэмүүлэн: Эдийн засгийн хөгжлийн яам, сайдад давуу эрх мэдэл өгөх хэрэгтэй

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах саналыг танилцууллаа. Шинэ яамдыг Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газрыг өргөтгөн байгуулахаар тооцжээ.

 

 

Эдийн засгийн хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгасан байна. Тухайн яамд 80-аад хүний орон тоотой байхаар тооцжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Яам байгуулахыг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг улсын хөгжилд нааштай болгох талаас нь өөрчлөх шаардлагатай байна. Энэ чиг үүргээр бол бидний хүлээж байгаа ажлыг хийж чадахгүй. Нэг сайд л нэмэгдэнэ. Тиймээс эдийн засгийг урт болон дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх талаас нь анхаарах ёстой байна.  

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Үндэсний хөгжлийн газрыг яам болгож байна. Эрх хэмжээ нь хүрэхгүй, Сангийн яамтай ажиллаж чадахгүй. Энэ яам хүчтэй, чадалтай, эрх хэмжээтэй байх ёстой.  Эдийн засгийн хөгжлийн яам нь хөгжлийн бодлогоо гаргаж, Сангийн яам нь хэрхэн санхүүжүүлэхээ шийддэг бүтэц рүү орохгүй бол одоогийн бидний төсвийн хууль нэг, хоёр жилийн гал унтраах байдалтай явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөгжлийн яам хөгжлийн асуудлыг онцгойлж анхаарах нь зөв юм. Судалгаа, хэтийн төлөвлөлтөө хийх нь оновчтой юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам биш хөгжлийн асуудал, мэдээлэл технологи хариуцсан хоёр Шадар сайд бий болгоод, Ерөнхий сайдтай хамтарсан гурван тулгуураар авч явах нь зөв болох байх. Яам байгуулахаар байшин сав, машин тэрэг гээд алга болдог юм шүү. Яам байгуулснаар асуудал сайжрахгүй шүү.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахыг зарчмын хувьд дэмжиж байна. Бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт, эрх үүргийн хуваарьтай холбоотой алдаа гаргаж ирсэн. Хөгжлийн яаманд бүх эрх мэдэл, зохион байгуулалтыг хийж өгөх ёстой. Хөгжлийн яаманд төрийг нэгтгэх ёстой. Улсын бодлогыг нэгтгэж, зангидах ёстой. Агентлаг, хүрээлэнгийн хэмжээнд ажиллаж болохгүй. Бүх яам, салбарын бодлогыг зангидах ёстой. Сангийн яамтай эрх, үүргийг нь давхардуулж болохгүй. Бас сайдад нь давуу эрх өгөх ёстой. Магадгүй Шадар сайд удирдах ёстой.


 

Т.Аюурсайхан: Ажлаа хийж чаддаггүй хүмүүстэй хариуцлага яримаар байна

 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Асуудлаа дутуу боловсруулсан байна, түүхий байна. Энэ төслөөр хэлэлцэж батлахад түвэгтэй байна. Энэ чиг үүргээр бол яам байгуулах ямар ч шаардлага алга. Яам дураараа төсөв баталдаг, дураараа бүтээн байгуулалт, төлөвлөлт хийдэг. Тиймээс нэгдсэн нэг удирдлага зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үндэсний бодлого, төлөвлөлтийг одоогийн түвшинд Шадар сайд эсвэл ЗГХЭГ-ын даргын аль нэг нь хийгээд явах бүрэн боломжтой. Дөрвөн чиг үүргийн төлөө яам байгуулж, хэнийг сайдаар тавих юм. Нөгөө сайд нь ажлаа хийж чадах юм уу. Ажил хийдэггүй дарга нар зөндөө байна. Туршлагатай, зангарагтай гэж бодоод Ц.Нямдорж гуайг ЗГХЭГ-ын даргаар тавьсан байх. Доод сайд нараа базаж, ажиллуулах хэрэгтэй. Зохион байгуулалтгүй, хариуцлагагүй хүмүүсээр дүүрэн байна. Бас нэг хүн ирээд ажлаа хийж чадахгүй бол яах уу.

 

Төрийн ажил яагаад ийм муу явдаг болсон юм бэ. Яагаад хүмүүс хариуцлагагүй байна вэ. Чадахгүй байж яагаад албан тушаалтайгаа зууралдах дуртай юм бэ. Зарим хүнтэй хариуцлага яримаар байна. Чөлөөлөөд, дараагийн хүмүүсийг хариуцлагажуулаад. Амьдрал  мэдэхгүй, улс орны нөхцөл байдлыг мэдэхгүй. Яаж энэ салбарыг, энэ улсыг удирдаж байгаа юм бэ.

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:  Залуу сайд нарт сайжиртал хугацаа хэрэгтэй байдаг. Сайд нар цаашаа ажлаа сайн хийх байлгүй дээ. 1990 оноос хойших бүх Засгийн газруудаас энэ Засгийн газар шиг ийм хүнд нөхцөлд ажилласан Засгийн газар байхгүй. Ковид гарсан, бүх зүйл хорио цээрт орсон. Ковидоос шалтгаалаад 10-30 хувь нь ажиллаж байна, яамд ч ялгаагүй. Хүндрэлтэй асуудлын дунд залуу сайд нар цамгардаж байгааг үгүйсгэж болохгүй.

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ төслийг дэмжихгүй байна. Яам байгуулж, орон тоо нэмэхээр бүх зүйл сайхан болдог юм ярьж байна. Монгол Улс тав, есөн яамтай байгаад болдог байсан. Яамны тоо цөөн байсан нь дээр. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад эдийн засаг сайжирна гэж бодохгүй байна. Улам муудах байх. Цахим хөгжлийн яамыг Ерөнхий сайд нь эмэгтэй найздаа зориулаад байгуулж байна. Цахимыг чинь хөгжүүлэхийн тулд цахимын хөндийг байгуулдаг юм.

 

 

Татварын хэмжээ яаж өсөж байгааг хар л даа. Манжийн үед ч ийм татварын дарамт байгаагүй байх шүү, МАН-ын үед ийм дарамттай болсон байна. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр дэд сайд, төрийн албан хаагчдыг цалинжуулж байна. Өөр улсад бол татвар төлөгчид нь яагаад ийм яам байгуулж байгаа юм бэ гээд гудамжиндаа гараад ирсэн байгаа шүү. Би Ковидын яам байгуул гэж хэлсэн. Ковидын үе дуусаагүй байхад ингэж найрлаж болохгүй.

 

Ийн гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариултаа авлаа. Санал хураалтаар гишүүдийн 55.4 хувь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Hamgin medleg chadvargyi ni eronhii said ni shd. Tyynteigee hariutslagaa yagaad yarihgyi baigaam
2021-10-21
Зочин:
Аюурсайхан маш зов юм ярьсан бна залуу сайдуудад хугацаа ог гэж энэ нямдорж юу яриад бна даа хийж чадахгуй хумуусийг хурдан зайлуулаад ажил хийдэг туршлагатай хумуус тавиад яаралтай шийдэх хэрэгтэй намын нэр хунд унаад бна шуу 2024 он хурэхгуй унана шуу дээ
2021-10-21
иргэн:
Төрийн алба бол дадлагажих газар биш. Ялангуяа сайдад дадлагажих нэг цаг хором ч байх ёсгүй. Т.Аюурсайхан маш онож хэлжээ хэдэн яам байгаа эс байгаадаа биш ээ. Ур чадвар сэтгэл зүтгэл улс төрийн хүсэл эрмэлзэл зохион байгуулалтын нь л асуудлууд байгаад байна шүү. Нэгдсэн зохицуулалтаар хангадаг олон субьект байна шадар сайд хэрэг эрхлэх газар гээд хоёр том дундын зохицуулагч байна мөн хууль зүйн яам сангийн яам хоёр ерөнхий чиг үүргийн яамд гол виз өгдөг энэ хүмүүсээ ажлыг нь хийлэг эсвэл зайгаа тавьж өгцгөө.
2021-10-21
Болд:
Шинээр яам байгуулах нь маш буруу. Сангийн яамаа сайн ажиллах хэрэгтэй ш дээ. Төсвөөс яам байгуулахаар зарах ард түмний хөрөнгөөр үйлдвэр барьж ажлын байр нэмээч.Ер нь манай улс шиг 3сая хүнд ийм олон дарга нартай улс байна уу????????????????????????????????????????????????????????
2021-10-21
portuna said shig boloh vii. hoer sangiin yamtai boloh vii. edgeert anhaarah n zuv bh. erunhii said gartaa atgaj bodlogoo barih n zub baih
2021-10-21