COVID-19: Энэтхэгт тэрбум гаруй хүн вакцинд хамрагджээ
2021-10-21

Энэтхэгт нэг тэрбум гаруй хүн коронавирусийн вакцины дор хаяж нэг тунд хамрагдсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мансух Мандавия Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Вакцинд хамрагдсан хүн амын тоон үзүүлэлт бүхий зурагны дор тэрбээр "Энэтхэгт баяр хүргэцгээе!" хэмээн бичсэн байна. Мөн Ерөнхий сайд Нарендра Модигийн чадварлаг удирдлагын ачаар ийм үр дүнд хүрч чадсан гэж Эрүүл мэндийн сайд онцолжээ.

 

Өмнө нь Хятадад нэг тэрбум гаруй хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Ингэснээр тус улс хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулаад байгаа юм.

 

Энд дуулгахад, тавдугаар сард Энэтхэгт халдварын нөхцөл байдал туйлдаа хүрч, дэлхий нийтийг цочирдуулж байлаа. Тус улсад тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, улсын эмнэлэгт оргүй, хувийн эмнэлэгт мөнгөгүйн улмаас эмчлүүлж чадахгүй байгаа иргэд олноор амиа алдаж байв. Мөн талийгаачаа оршуулах мөнгөгүй оршин суугчид Ганга гол руу коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хаяж байлаа. Тухайн үед буюу дөрөв тавдугаар саруудад өдөрт 200-400 мянга гаруй тохиолдол илэрч байсан бол одоо энэ тоо хэд дахин буурч, өдөрт 15 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин