Путин: Албан журмаар вакцин тарихыг зөвшөөрөхгүй
2021-10-22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 21-ний өдөр Сочи хотноо "Валдай" олон улсын мэтгэлцээний клубийн ээлжит хуралдаанд оролцон үг хэлжээ. Тэрбээр энэ үеэрээ коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд албан журмаар хамруулах санааг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

 

Халдвар авч өвдөж байснаас өвчлөлөөс сэргийлэх тарилга тариулахыг иргэдэд ойлгуулахаас  биш албадан вакцинд хамруулж болохгүй гэж Путин үзэж байгаа аж. 

 

"Дархлаажуулалт бол өвдөхөөс хамаагүй дээр гэдгийг хүмүүст ойлгуулж, батлах ёстой. Эсвэл өвдөх эсвэл вакцин тариулах гэсэн сонголт байна" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Түүнчлэн албан журмаар вакцинд хамруулах санааг дэмжихгүй гэдгээ Путин илэрхийлээд "учир нь ямар ч албадлагыг тойроод гарч болдог" хэмээн онцолсон байна. Тухайлбал иргэд вакцин тариулахын оронд тарилга хийлгэсэн тухай тодорхойлолтыг худалдаж авдаг болчхож мэднэ хэмээн Путин өгүүлжээ. 

 

Эргэн сануулахад, ОХУ даяар коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Оросын Ерөнхийлөгч 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал ажлын бус өдрүүдийг зарласан юм. Энэ хугацаанд Оросын хөдөлмөр эрхлэгч иргэд цалинтай амрах бөгөөд хөдөлгөөн хязгаарлах үүднээс нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн шаардлагатай бол ажлын бус өдрүүдийг сунгах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин