БНХАУ 1,5 тэрбум гаруй тун вакцин хандивлажээ
2021-10-22 10:11

БНХАУ 10 дугаар сарын 17-ны байдлаар COVID-19-ийн 1,5 тэрбум гаруй тун вакциныг дэлхийн 100 гаруй орон, олон улсын байгууллагад нийлүүлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбинь мэдэгдсэнийг Жэньминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш вакцин нь дэлхий нийтэд хүртээмжтэй байх ёстой гэж Хятад улс үзэж байсан бөгөөд дэлхий даяар вакцин хуваарилахад бүхий л хүчин чадлаа дайчилж байгаа гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

"Сүүлийн долоо хоногт гэхэд л бид Ази, Африк, Латин Америк болон Европын хөгжиж буй орнуудад 60 сая гаруй тун вакцин олголоо. Аравдугаар сарын 17-ны өдрийн мэдээллээр Хятад улс дэлхийн 100 гаруй орон, олон улсын байгууллагад 1,5 тэрбум гаруй тун вакцин олгожээ" хэмээн Ван Вэньбинь мэдэгдсэн байна.

 

Хятадын вакцин цар тахалтай тэмцэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаагийн дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг ГХЯ-ны төлөөлөгч онцолсон байна. Дэлхийн 30 орны төрийн тэргүүн Хятадын вакциныг хүлээн авахаар нисэх буудал дээр биечлэн ирсэн бол 30 гаруй орны төрийн тэргүүн олны өмнө Хятадын вакцин тариулсан гэж Ван Вэньбинь мэдэгдсэн байна. Мөн дэлхийн орнуудын удирдлагууд Хятадад талархал илэрхийлж, "зовох цагт нөхрийн чанар танигддаг" гэдэг үгийг бодитоор мэдрүүлж байгааг цохон тэмдэглэж байгаа хэмээн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин