ШУУД: Халдварын батлагдсан тохиолдлын 20 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна
2021-10-22

 

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар өгч байна.

 

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

 

-Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-д вакцины дараах судалгааг хийсэн. Судалгаагаар вакцин хийсний дараа 14 дэх хоногт дархлааны түвшин өсөж байна. Харин 28,60 дахь хоногуудад дархлааны түвшин буурсан үзүүлэлт гарч байна үр дүн гарсан. Мөн тодорхой бүлгийн иргэдэд гуравдугаар тун хийсний дараа судалгаа хийж үзэхэд 14 дэх хоногт эсрэг бие өссөн үр дүн гарсан. Тиймээс ЗГ, ЭМЯ-наас наймдугаар сарын 16-наас эхлэн гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 69.3 хувь нь I тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Мөн гуравдугаар тунд нийт 380 330 иргэн хамрагджээ. Энэ нь хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 20 орчим хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 29 явуулын цэг ажиллаж байгаа. Мөн дүүрэг бүрд дархлаажуулалтын 3-4 суурин цэг ажиллаж байна. Иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл, 30-34 насны 256 мянган иргэн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 37 мянган иргэн хамрагджээ. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. 

 

Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Тодруулбал, 

 

  • 0-4 насны хүүхэд 26.0 хувь

  • 5-9 насны хүүхэд 33.9 хувь

  • 10-14 насны хүүхэд 28.2 хувь

  • 15-17 насны хүүхэд 11.9 хувийг тус тус эзэлж байна. 

 

 

ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

 

-УОК, УОК-ын дэргэдэх Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс тухай бүрд нь коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулж, хариу арга хэмжээ тактик боловсруулж ажиллаж байгаа. Өчигдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга нэгдсэн шуурхай штабт ажиллаж цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Дархлаажуулалттай холбоотой асуудлаар Нэгдсэн шуурхай штаб  бүх шатандаа анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Үүнээс гадна Нэгдсэн шуурхай штабаас бүх шатны нутгийн захиргааны байгууллагад хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах талаар заавар, зөвлөмж хүргүүлсэн.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин