Алек Болдуин зураг авалтын үеэр сум алдаж, хүний аминд хүрчээ
2021-10-22

Холливудын алдарт жүжигчин Алек Болдуин тоглож буй "Rust" киноны зураг авалтын үеэр сум алдсаны улмаас хоёр хүн шархадаж, улмаар нэг нь нас барсан талаар AFP агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сум алдах үед цээжин тус газраа шархадсан эмэгтэйг нисдэг тэргээр Нью-Мексико их сургуулийн эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр шархаа даалгүй нас барсан байна. Энэ эмэгтэй 42 настай зураглаач Алина Хатчинс байжээ. Золгүй хэргийн улмаас шархадсан өөр нэг хүн нь 48 настай, киноны найруулагч Жоэль Соуза байсан бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар Санта-Фе дэх эмнэлэгт хүргэсэн, одоо эмчлүүлж байгаа гэнэ. 

 

Фокс Ньюс агентлагийн мэдээлснээр, сургуулилалт хийх үеэр жүжигчдийн нэг нь буунд байлдааны сум байгааг мэдэлгүй гох дарсан байна. Энэ жүжигчин нь Алек Болдуин байжээ. Цагдаагийн газар одоогоор түүнд хэрэг үүсгээгүй байгаа гэнэ. 

 

"Rust" кинонд Алек Болдуин зартай гэмт хэрэгтэн Харланд Растын дүрд тоглож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин