Москва хөл хорионд орно
2021-10-22

ОХУ-д коронавирусийн халдвар, түүнээс үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал ОХУ даяар ажлын бус өдрүүд болгон зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Энэ хугацаанд Москва хотод хөл хорио тогтоохоор болсон байна. Тодруулбал, 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын долооны өдрийн хооронд гагцхүү эмийн сан болон нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд л ажиллах гэнэ. Хүүхдийн сургууль, цэцэрлэг амарч, нэмэлт боловсролын байгууллагууд, спортын сургуулиуд, хүүхдийн дугуйлангийн үйл ажиллагааг зогсоох юм байна. Харин их дээд сургуулиудын хичээл цахим хэлбэрээр үргэлжлэхээр болжээ. 

 

Москва хотын дарга Сергей Собянины өгүүлснээр, худалдааны төв, кинотеатр, амьтны хүрээлэн, спорт танхим, гоо сайхны газар, үсчин хаагдаж, зоогийн газрууд гагцхүү хүргэлт эсвэл авч явах байдлаар үйлчлэх аж. Харин музей болон театрууд үзвэрийн танхимынхаа 50-иас бага хувийн дүүргэлттэйгээр ажиллах тохиолдолд QR кодоор үзэгч хүлээн авч болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин