Египет зочид буудлуудын үйл ажиллагааг сэргээжээ
2021-10-22

 

Египетийн зочид буудлуудад жуулчид хүлээн авах "ковидын хязгаарлалт" үйлчлэхээ больсон гэж тус улсын Аялал жуулчлалын яам мэдэгджээ.

 

"Өнөөдрөөс эхлэн Египетийн зочид буудлууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хязгаарлалтгүйгээр зочид хүлээн авах боломжтой" хэмээн Египетийн Аялал жуулчлалын яам мэдэгдсэн байна.

 

Цар тахлын улмаас жил гаруй хугацаанд зочид буудлуудыг хүчин чадлынхаа 50-иас дээшгүй хувийг ашиглах журам мөрдөгдөж байсныг ийнхүү цуцалжээ. Хэдийгээр хязгаарлалтгүй ажиллах эрхтэй болсон ч коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага ханган ажиллах ёстойг анхааруулсан байна.

 

Египетийн аялал жуулчлал сэргэж, зочид буудлын өрөөнүүд эрэлт ихтэй болсон талаар тус улсын аялал жуулчлалын компаниудын мэдээлжээ. Тэр дундаа ихэнх орны жуулчлалын улирал хаагдсан намар цагт Египетийг зорих жуулчин олон байгаа бөгөөд Шарм-эш-Шейхийн зарим буудлуудын өрөө 11 дүгээр сарын сүүл хүртэл захиалгатай байгаа гэнэ. 

 

Египет улс 2020 оны гуравдугаар сард цар тахлын эхэн үеэр агаарын харилцаагаа хаасны улмаас аялал жуулчлалын салбар нь гурван сарын хугацаанд бүрэн зогссон юм. Харин 2020 оны зургадугаар сараас зочид буудлуудыг бага дүүргэлттэйгээр ажиллуулах журам гарч, дотоодын аялал жуулчлал сэргэсэн байна. Улмаар долдугаар сараас гадаадын жуулчдад хилээ нээж, зочид буудлуудыг хүчин чадлынхаа 50-иас илүүгүй хувьд зочин хүлээж авах журам үйлчилж эхэлжээ.

 

Одоогоор Египетэд хүн амыг дархлаажуулах ажил эрчимтэй өрнөж байгаа аж. Энэ улсад халдварын тохиолдол тогтворжиж, өдөрт 900-аас бага тохиолдол илэрч байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин