Халдварын нөхцөл хүнд байгаа Беларусьт амны хаалт зүүх журмыг цуцлав
2021-10-22

Беларусийн Эрүүл мэндийн яам тээврийн хэрэгсэлд амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрүүл ахуйн журмаас хүмүүс амны хаалт зайлшгүй зүүх, дотор орчинд хүн хоорондын зай барих заалтыг хасчээ. Энэ заалтад тээврийн хэрэгслийн зорчигчид, таксины жолооч нарыг амны хаалт зайлшгүй зүүхээр журамласан байсан гэнэ. Ийнхүү энэ заалтыг хүчингүй болгосноор тээврийн хэрэгсэл, дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчлэхгүй, журам зөрчсөний төлөө торгууль тавихаа больжээ.

 

Өмнө нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко улс оронд нь үйлчилж буй амны хаалт зайлшгүй зүүх журмыг шүүмжилж, "хүмүүсийг доромжлохоо болих"-ыг шаардаж байв. Мөн олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүйн төлөө оноодог торгуулийг тэрбээр цуцалсан юм.

 

Хэдийгээр амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалж байгаа ч энэ улсад халдварын нөхцөл байдал туйлын хүнд байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тус улсад коронавирусийн халдварын улмаас төлөвлөгөөт эмнэлгийн тусламж үзүүлэхээ зогсоосон юм. Үүнээс өмнө урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгийг зогсоож байлаа. Беларусийн эмч нарын өгүүлснээр эмнэлгийн бүхий л тасгууд коронавирусийн халдвартай өвчтөнүүдээр дүүрчээ.

 

Беларусийн албан ёсны мэдээллээс харахад 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд л хоногт 2097  халдварын тохиолдол бүртгэгдэж 17 хүн нас барсан байна. Гэвч энэ албан ёсны мэдээлэлд беларусьчууд итгэдэггүй, бодит байдал нэн хүнд байгааг олон нийтийн сүлжээнд бичжээ. Тэдний өгүүлснээр, Беларусьт коронавирусийн шинжилгээ өгөхөд хүнд, гэртээ өвдсөн хүмүүс дээр эмч нар ирдэггүй гэнэ. Беларусьт цар тахал дэгдсэнээс хойш 580 мянга гаруй хүн халдвар авч, 4466 хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин