Холливудын зураг авалтын талбай дээр гарч байсан золгүй хэргүүд
2021-10-23

Холливуд цочирдолд оров. Алдарт жүжигчин Алек Болдуин кино зураг авалтын үеэр хоосон сумтай байх ёстой байсан ч одоогоор үл мэдэгдэх шалтгаанаар жинхэнэ сумаар сумласан буу ашигласнаар зураглаачийнхаа аминд хүрч, найруулагчаа шархдуулсан юм. 

 

Сум алдсан Алек Болдуин кинондоо санамсаргүйгээр хүн хөнөөсөн хүний дүр бүтээж байгаа гэнэ

Зураглаач Галина Хатчинс амиа алдаж, "Rust" киноны зураг авалтыг зогсоожээ. Зураг авалтын талбай дээр жүжигчин амиа алдсан хамгийн сүүлчийн тохиолдол 30 жилийн тэртээ гарч байв. Тухайн үед Брюс Лигийн хүү мөн л жинхэнэ сумтай буугаар жүжиглэлтийн үеэр буудуулж, амиа алдсан юм.

 

Хүний амь насанд хүрээгүй ч ноцтой хэргүүд зураг авалтын талбай дээр гарч байсан тохиолдол олон бий.

 

"Хатуу самар "

Найруулагч Жон Мактирнан кинонд гарах үйл явдлуудыг бодит мэтээр харуулахыг ихэд хичээж байв. Тиймээс кинонд ашиглах буун дууг хэт чангаар дуугаргахыг ошаарджээ. Брюс Уиллис нэгэн хэсэг дээр нүүрэндээ хэт ойрхон буу барьж буудна. Үнэхээр бодит зураглал гарсан ч үүний улмаас Уиллисийн зүүн чих бүрэн сонсголгүй болжээ.

 

"Титаник"

90-ээд оны үеийн хамгийн үзүүштэй кинонуудын нэг болох энэ киноны зураг авалтын талбай дээр мөн л ноцтой хэрэг гарч байлаа. Асар том баг ажиллаж, усан доорх зураг авалт гээд л Титаник киноны бүтээлчид ихээхэн хүнд нөхцөлд ажиллаж байжээ.

 

Гэтэл үүн дээр нь нэмээд, зураг авалтын багийнхан далайн бүтээгдэхүүнтэй шөлнөөс хордсон байна. Хэн нэгэн нь хоол руу хүчтэй нөлөөтэй галлюциноген хийсэн бөгөөд чухам хэн ийм бодис хийснийг өнөө хэр тогтоож чадаагүй аж. 

 

Энэ бодисыг ихэвчлэн мэдээ алдуулахад ашигладаг бөгөөд шөлөнд хийн, уран бүтээлчид хэрэглэсний уламас 50 хүн, тэр дундаа найруулагч Жеймс Кэмероны бие мууджээ. Тэдний тал нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

"Мулен Руж"

Николь Кидман зураг авалтын үеэр хоёронтоо хавиргаа хугалжээ. Түүний хослон бүжиглэгч Юэн Макгрегор жүжигчнийг бүжиглэж байх үедээ унагасан байна. Кидман анхандаа өвчин намдаагч эм ууж байсан бол дараа нь өвдөх мэдрэмжээ багасгахын тулд корсет өмсөж байсан гэнэ. Гэвч корсетыг хэт чангалсны улмаас хавиргаа дахин хугалжээ.

 


"Чөлөөлөгдсөн жанга"

Киноны нэг хэсэгт Леонардо Ди Каприо ширээ хүчтэй цохих ёстой байжээ. Гэвч цохих үед ширээн дээр байсан шилэн аяга таарсан байна. Ингээд алганаас нь цус урсаж, жүжигчин гараа ихэд зүссэн ч зураг авалтыг зогсоолгүй цус нь урсаж байсан ч үгээ хэлж дуусгасан байна. Энэ хэсэг үнэхээр гайхалтай болсон ч жүжигчин дараа нь гартаа оёдол тавиулсан бөгөөд харин үзэгчид энэ талаар таамаглаачгүй аж.

 

"Хэрээ"

Брюс Лигийн хүү Брендон Ли "Хэрээ" кинонд тоглох үеэр зураг авалтын үеэр хар салхи, гэмтэл, түлэгдэл гээд олон бэрхшээл тохиолдсон ч жинхэнэ эмгэнэлт хэрэг 1993 оны гуравдугаар сарын 31-ний өдөр божлээ.

 

Энэ өдөр, эсрэг талын дүр бүтээж байсан жүжигчин Майкл Масси Брендон Лиг буудах зураг авалтын үеэр Брендон жинхнээсээ шархаджээ. Парамаунт студи энэ киног амжилт олно гэж итгээгүйн улмаас төсөлд зарцуулах зардлыг бүхий л талаар нь хэмнэхийг хичээж, зураг авалтын үед жинхэнэ гар буу ашигласан байна. Энэ бууг хоосон сумаар цэнэглэсэн ч буудах үед чанга чимээ гаргахын тулд хэт их дарь хийжээ. Ингээд жүжигчин шархдаж, улмаар нас барсан байна.

 

Жүжигчин гэдсэн тус газраа шархадсан бөгөөд цус их алдсаны улмаас Брендон Ли эмнэлэгт нас баржээ. Ингээд кино зураг авалтыг зогсоосон ч хэсэг хугацааны дараа дуусгасан байна. Хүний амь үрэгдсэн хэсгийг хасаж, орлон тоглогч болон компьютерийн технологийн тусламжтайгаар шинэ хэсэг авчээ. Мөрдөн байцаагчид энэ явдлыг санамсаргүй хэрэг гэж үзсэн ч Брендон Лигийн ээж шүүхэд хандан, гурван сая долларын нөхөн төлбөр авсан гэнэ.

 

The Twilight Zone


1982 онд олон ангит энэ киноны зураг авалтын үеэр жинхэнэ нисдэг тэрэг сүйрч, жүжигчин Вика Морроу, хоёр хүүхэд амиа алджээ. Үзэгдэх байдлыг тодотгох үүднээс найруулагч Жон Лэндис нисгэгчид доошлохыг үүрэгдсээр байсан бөгөөд аюултай нөхцөлд ирсэн ч ийм заавар өгсөөр байжээ. 

 

Түүнчлэн продюсерын туслах Жорж Фолси асар их тэсрэх дэлбэрэх хэсэгтэй зурагт бага насны хүүхдүүд оролцоно, зураг авалт шөнө явагдана гэж галын байцаагчид анхааруулаагүй гэнэ. Киноны найруулагч, түүнчлэн ерөнхий продюсер Стивен Спилберг нар шүүхийн өмнө зогсов. Энэ хэрэг удаан үргэлжилж, тэднийг буруутгаагүй ч амиа алдсан хүмүүсийн ар гэр нөхөн төлбөр авчээ. Гэсэн ч Спилберг олон жилийн туршид өөрийгөө уучилж чадаагүй гэдэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин