Өвөр Монголд халдвар нэмэгдэж, албан тушаалтнуудыг шийтгэжээ

Хятадын Ухань хотод үл мэдэгдэх өвчин гарч, энэ нь коронавирусийн шинэ төрөл болох нь удалгүй батлагдан, улмаар дэлхий даяар энэ халдвар тархан цар тахлын хэмжээнд хүрсэнээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Урд хөрш энэ халдварыг даван гарахын тулд дэлхий дээрх хамгийн хатуу хөл хорио тогтоон, улсын хилээ хааж, халдвар гарсан хот, дүүрэг, хотхонуудыг цэрэг цагдаагаар хамгаалуулан хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байлаа. Хатуу арга хэмжээ авсны дүнд халдварыг богино хугацаанд тогтоон барьсны дээр дахин халдвар илэрсэн бүс нутгуудын албан тушаалтантай хариуцлага тооцон, ажлаас нь халж, намын гишүүнчлэлийг хасах, бууруулах зэрэг хариуцлага ноогдуулж байв. Энэ удаад ч Өвөр Монголд халдвар нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь халсан талаар Хятадын төрийн хэвлэл болох Global Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улстай хиллэдэг Эзнээ хошуунд бямба гарагт зургаан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцжээ. Энэ хошуунд 10 дугаар сарын 17-ны өдөр коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш албан тушаалтнууд үр дүнгүй, хойрго ажилласан гэж үзэн орон нутгийн Эрүүл мэндийн комиссын дарга болон түүний орлогч, энэ комиссын өөр нэг ажилтан, гурван цагдааг халсан бол нутгийн эмнэлэг, иргэний хэргийн товчоог хариуцлагад татжээ.
Бээжин, Сиань, Шэньси, Ганьшу зэрэг Хятадын бүс нутгуудад хамгийн сүүлд коронавирусийн халдварын дэгдэлт гарснаас хойш албан тушаалтнуудыг шийтгэсэн анхны хот нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эзнээ хошуу болж байгаа аж.
Өвөр Монголын Эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, ням гарагийн өглөөний 11 цагийн байдлаар тус бүс нутагт коронавирусийн дотоодын халдварын тохиолдол нийт 49 бүртгэгдсэнээс 31 нь Эзнээ хошуунд илэрчээ. Эдгээр халдварын тохиолдлууд нь дельта штаммаар үүсгэгдсэн гэж мэргэжилтнүүд тогтоосон байна.
Харин хоногийн үзүүлэлтийн тухайд, бямба гарагийн 10.30 цагаас ням гарагийн 11.00 цагийн хооронд Өвөр Монголд коронавирусийн дотоодын халдвар 10 бүртгэгджээ.
Хятадын эрх баригчид халдварын голомтыг дарахаар хичээж байна
Хятадын эрх баригчид тус улсын хэд хэдэн бүс нутагт гарсан халдварын голомтыг дарахаар хичээж байгаа талаар Ассошейтед пресс мэдээлжээ. Энэ улсад хөл хориог үргэлжлүүлж, халдварын голомт болсон хэсгийг бүрэн хааж байгаа гэнэ.
Коронавирусийн халдварын шинэ дэгдэлт гарсан бүс нутгуудад нислэгүүдийг цуцалж, сургууль болон олон нийтийн газрыг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон байна.
Дотоодын аялал жуулчлалын чиглэлээр аялсан жуулчдын бүлэгт багтаж байсан гэр бүлийн хоёр хүнээс коронавирусийн халдвар 10 дугаар сарын 17-нд илэрсэн нь Өвөр Монголд үүссэн өнөөгийн халдварын дэгдэлтийн эхлэл байлаа. Эдгээр жуулчид Шанхай, Сиан, Ганьшу, Өвөр Монголоор аялсанс бөгөөд дараа дараагийн тохиолдлууд нь чухамхүү энэ аяллын бүлгийнхэнтэй холбоотой байжээ.
Ингээд Эрээн хот болон Эзнээ хошууг бүрэн хөл хорионд оруулж, оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байгаа бол халдвар илэрсэн өөр нэг бүс болох Бээжингийн нэгэн дүүрэгт 35 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ